Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр/2023.12.30/ шөнө нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Түүнчлэн 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 01 дүгээр сарын 01-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 31-нд зарим газраар, 01 дүгээр сарын 03-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

  • Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг анхаарна уу.