Өнөө шөнө, маргааш өдөр уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурахыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас анхааруулж байна. 

Түүнчлэн 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний 20:00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 01-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээллийг дараах байдлаар танилцууллаа. 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -17...-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -19...-24 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11...-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын цаг агаар:

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

2024 оны нэгдүгээр сарын 02-06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 03-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 04-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр салхилна. 

Нэгдүгээр сарын 03-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 04, 05-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +3...-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. 04-нд баруун аймгуудын нутгаар, 05-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

 

Эх сурвалж: ЦУОШГ