Нэгдүгээр сарын 6-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр, 7-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Цаг уурч Б.ЖАРГАЛАН:

-Агаарын температурын хувьд олон жилийн дунджаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 26-30 градус хүйтэн, Увс нуур Дархадын хотгороор 30-34 градус байдаг бол Алтайн өвөр говь болон Говийн бүсээр 12-18 градус, бусад нутгаар 18-24 градус байна. Хур тунадасны тухайд Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2-4 мм тунадас ордог бол бусад нутгаар 0-2 мм ордог. Агаарын болон хур тунадасны олон жилийн дунджаас харахад 2019 оноос хойш нийт нутгаар 1-1,5 хэмээр дулаарч байгаа юм.

2024 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлвөөр нутгийн зүүн хойд хэсэг буюу төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар олон жилийх дунджаас хүйтэн байна.

Нутгийн баруун өмнөд хэсэг буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дулаан байна. Бусад нутгаар олон жилийн дундажтай адил байна. Хур тунадасны хувьд, Говийн аймгуудын ихэнх, Зүүн аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундажтай адил хэмжээний цас орох төлөвтэй.

Энэ сарын эхний 10 хоногт дулаан, хоёрдугаар 10 хоногоос сарын сүүл хүртэл ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Хур тунадасны тухайд нэгдүгээр сарын 10-даар ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна.