УИХ-ын хаврын чуулган ирэх гуравдугаар 15-нд нээлтээ хийх товтой байна. Ээлжит сонгуулийн өмнөх чуулганы хугацаанд улс төр нэлээд халах нь тодорхой.  Хаврын чуулганаар хэлэлцэх онцлох хуулийн төслүүдийг хүргэе.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН “ЁС ЗҮЙ”-Г ХУУЛЬЧЛАХ УУ?

Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг.  Гэхдээ зарим Ерөнхийлөгч нар нийт ард түмнээс сонгогдсон субъектын хувьд тухайлсан хуулиудад өөрсдийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалтуудыг оруулж байсан удаатай.   Үүнийг Үндсэн хуулиас давсан эрх мэдэл хэмээн парламент үзэж хуулийн хүрээнд цэгцлэхээр болжээ. Парламент өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд  Ерөнхийлөгчийн эрхийг тодорхой болгож, хэрэв өөр давуу эрх өгөх бол зөвхөн хуулиар шийднэ гэсэн агуулгатай өөрчлөлт оруулж баталсан. Энэ дагуу Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчилнө. Мөн энэ хуульд өөр нэг өөрчлөлт орж магадгүй байна. Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн ёс зүйн асуудал юм.  Саяхан өмнө нь Ерөнхийлөгч байсан хүн Төрийн ордонд ирж, УИХ-ын даргатай уулзаж, тухайлсан хууль дээр эсэргүүцлээ илэрхийлсэн.  Энэ талаар ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд хуучин Ерөнхийлөгч нарын ёс зүйн асуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуульд тодорхой заахгүй бол, ёс зүйгүй үйлдэл гаргасаар байгааг дурдаж, хуулийн төсөлд саналаа хүргүүлэхээр болсон.  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн  Н.Энхболд энэ талаар “Ерөнхийлөгч байсан хүн тэгж болно, ингэж болохгүй гэсэн ёс зүйн асуудлыг хуульд зааж болно.  Уг нь нэгэнт Төрийн өндөрлөг болоод буусан бол ёс зүй, заншил уламжлал, нийгмийн сэтгэлгээ энэ бүхэн зүйлтэйгээ л үлдэх хэрэгтэй” гэлээ.

 

ГАЗРЫГ 100 ЖИЛЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САНААЧИЛНА

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг парламент хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий иргэн 2013 онд батлагдсан хуулийн газар эзэмшихтэй холбоотой заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачилж, УИХ-ын албан ёсны цахим системд санал асуулга байршуулаад байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Хөдөө орон нутагт ажиллаж иргэд, малчидтай уулзахад газрын 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалттай хуулийн талаар байр сууриа илэрхийлж, санаа зовж байгаагаа хэлж байна. Яг үүнтэй холбоотойгоор иргэн Н.Номуун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд энэ хуулийг төслийг хүчингүй болгох хуулийн төслийг санаачилж парламентын нийтийн мэдээллийн өргөдлийн системд байршуулсан. Энэ санал нь 100 мянган иргэний дэмжлэгийг авсан. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэд хууль санаачилж түүнийг нь 100 мянгаас дээш иргэн дэмжсэн бол УИХ-ын Тамгын газар хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх ёстой. Энэ хуулийн дагуу 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг санаачлан боловсруулж, холбогдох газраас нь санал авахаар шийдвэрлэлээ. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ" гэв.

 

ДЭГИЙГ 126 ГИШҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НИЙЦҮҮЛНЭ

Ирэх сонгуулийн үр дүнд парламент 126 гишүүнтэй болно.  Бүрэлдэхүүн нэмэгдэж байгаатай холбоотойгоор УИХ-ын хурлын дэгийн тухай хуулийг өөрчилнө. Өргөн бүрэлдэхүүнтэй их хурал ямар дэгээр хуралдвал цэгцтэй, үр дүнтэй, цаг ашиглалт өндөр байх вэ гэдэг хувилбарыг оруулж ирж, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ.  Шинээр бүрэлдэх Их хурал маань тухайн үедээ Дэгийн тухай хуулиа хэлэлцэх нь ойлгомжтой. Гэхдээ одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Их хурлаас  энэхүү хуулийн өөрчлөлтүүдийг баталсны хувьд үзэл баримтлалыг нь боловсруулж, тодорхой ойлголтыг бий болгох ёстой гэж үзжээ.  126 гишүүнтэй болох бэлтгэлийн хүрээнд одоогоор УИХ-ын Дэгийн тухай хууль,  Төрийн ордны тухай хуулийг өөрчлөн шинэчлэх ажлын дэд хэсэг байгуулагджээ.   Хуулийн төслүүд дээр хууль, эрх зүйн орчноос гадна улс төрийн нөхцөл байдлын асуудал нэлээд орж ирнэ.  Түүнийг хэлэлцүүлгийн шатанд шийдээд явахаар ярилцаж байгаа юм байна. Төрийн ордонд гурван том институци үйл ажиллагаа явуулдаг.  Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, УИХ нэг дор байх нь зөв үү, буруу юу гэдгийг ажлын хэсгүүд ярилцаж, Төрийн ордны тухай хуулийг өөрчлөх юм байна.

НИЙСЛЭЛД ОЛГОСОН ГАЗРЫН АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ХИЙНЭ

Нийслэлийн газар олголтын асуудлаар Түр хороо байгуулах саналыг Засгийн газраас УИХ-д хүргүүлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ тухай хэлэхдээ "Нийслэл хот маань дарьтай хот болж хувирсан байна. Энэ бүхний уг үндэс нь сүүлийн 20 жилийн газрын авлигын асуудал. Үүнээс болж өнөөдрийн Улаанбаатарыг хэн ч удирдаад асуудлыг шийдэх боломжгүй түвшинд тулсан байна. Тиймээс газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг зөвхөн Засгийн газрын хүрээнд биш УИХ-ын түвшинд хянан шалгаж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулж, Түр хороо байгуулж, миний бие ахалж ажиллах үүрэг чиглэл авлаа. Ээлжит бус чуулганаар Түр хороог байгуулах асуудал яригдах байх" гэсэн юм. Тэгвэл ээлжит бус хуралдаанаар биш хаврын чуулганы хугацаанд түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах товтой байна.

 

АНХААРАЛ ТАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

 

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаараа одоо байгаа хууль эрх зүйн орчны алдаа дутагдалыг засч, ахиц дэвшил гаргаж чадах эсэх нь олны анхаарлыг татаж байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж бүрд цаашлаад эрдэмтэн, судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид, олон нийт уг хуулийн төсөлд ихээхэн анхаарал тавьж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс эх орон, иргэддээ "ашигтай" байх хувилбарыг хэлэлцэн баталж чадвал ойрын жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын салбарт реформ хийгдэх юм.  Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр байнгын хороодоос 39, Засгийн газраас 50, УИХ дахь МАН-ын бүлгээс 24, АН-ын бүлгээс 37, давхардсан тоогоор нийт 150 хууль тогтоолын төслийн санал ирүүлсэн байна.

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 27 (7271)