Н.Учрал сайд аа, та 2018/12/03-ны өдөр СХД-н 19-р хороонд байрлах Нийслэлийн 62-р дунд сургуулийн сурагчид ирэх есдүгээр сард гурван ээлжээр хичээллэхээ болино хэмээн мэдээллийн хэрэгслээр хэлж байжээ. Гэтэл өдгөө тус сургуулийн  өргөтгөлийн барилга нь таван жил өнгөрчихөөд байхад ашиглалтад ороогүй хэвээр байгааг та мэдэж байгаа юу?

62-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын талаарх үйл явцыг нэхэн сануулвал, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай. Гурав дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн байдаг. 2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр 2023 оны хичээлийн жилтэй золгосон байдаг. Гэрээний дагуу 62-р сургуулийн өргөтгөлийн барилгыг 2022 онд ашиглалтад оруулах үүрэгтэй байжээ. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй Ганзосон компанитай байгуулсан гэрээг БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан цуцалсан байдаг.

Нийт 6,3 тэрбум төгрөгийн төсвөөр босох төлөвлөгөөтэй эхэлсэн барилга явцын дундаа санхүүжилт нь дууссан учраас нэмэлтээр 2.3 тэрбум төгрөг авах хүсэлтээ илэрхийлжээ. Гэтэл Боловсролын яамнаас санхүүжилтийг нэмэх боломжгүй учраас гэрээ цуцлах процесс хийгдэж өнөөдрийг хүртэл хүүхдүүд сургуульгүй гурван ээлжээр хичээллэж шөнө дөлөөр гэртээ харьсан хэвээр байгаа юм. 

2018 онд Н.Учрал сайд "Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжтэй болгох хөтөлбөрийн хэрэгжилт хөрсөн дээрээ амжилттай явахгүй байгаа гэдгийг би удаа дараа хэлж эцэг эхчүүдийн үгийг чуулган дээр хүргэж байгаа. Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудад уламжилсны үр дүнд сургууль барих төсвийг нэмэгдүүлж 6,3 тэрбум төгрөгт энэ сургууль баригдахаар болж байна. 640 хүүхдийн сургууль барина гэдэг нь 1300 хүүхдийг сургууль хамруулах боломжтой болж байгаа юм. Ингээд ирэхээр хамрагдах тойргийнхоо дагуу хүүхдүүд суралцах бололцоо бүрдэж эхэлнэ.

Мөн сургуулийн барилгыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд шалгарсан компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана" хэмээн тухайн сургуулийн өргөлтгөлийн "шав" тавих ёслолд оролцох үеэрээ ярьж байсан билээ. 

62-р сургуулийн барилгаа 100 хувь дуусгаж, сурагчдын нуруун дээрх их ачааг авч өгөхийг СХД-ээс сонгогдсон Н.Учрал сайдад уламжилж байна. Хүүхдүүдийн сурч боловсрох эрх давхар зөрчигдөж байгааг та мэдэж буй биз ээ. Тэд суралцах идэвх суларсан үед хичээлдээ сууж, орой амрах цагтаа ядарсаар гэртээ харьж байна.

Өдгөө тус сургуулийн гуравдугаар ээлжийн сурагчид 15:00 цагаас хичээл нь орж 19:00 цаг өнгөрөөж тараад гэр рүүгээ харьсаар харанхуй болчихдог гэдгийг учирлав. Таван жил өнгөрөхөд тэд хичээлдээ шамдан суралцахын тулд бусад сургуулийн байранд олдсон анги, танхимд нь хичээлдээ суусан хэвээр байна. Тэдэнд урлаг, спортоор хичээллэх ямар ч боломж байхгүй. Түүнчлэн анги танхимын дутагдлаас болж хичээлээс гадуурх хүүхдүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаа явагдахгүй байгаа гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл ярилаа.Айлын хүүхдүүдийн ангид чихэлдэн байж хувааж суугаад арай хийж хичээлдээ явсаар одоо зургаа дахь жилдээ орж байгаа нь энэ юм.