XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. 

Энэ үеэр Монгол Улсын Консерваторийн захирал асан, профессор, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Чулууны Чинбатад Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээв. 

Түүний хувьд Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэх үйлсэд 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллахдаа хөгжмийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, өндөр зэрэглэлийн хөгжмийн урлагийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж, дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийг олон улсын тайзнаа удирдан тоглуулж, соёл урлагийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрээ оруулсан хэмээн Ерөнхийлөгч хэллээ.