Луу жил гарлаа. Энэ жилийн цагаан сар өргөн дэлгэр, өтгөн сайхан болох шиг боллоо. Учир нь очсон айл болгонд л төрдөө үнсүүлсэн, энгэрээ цоолуулсан гэх хүмүүс байв.

Мэдээж ахмадууд, хийж бүтээсэн эрхэмүүд төрийн өндөр дээд одон медаль хүртэх шиг сайхан зүйл хаана байх билээ. Нүдээ олсон шагнал гэдэг шиг оночтой энгэрээ цоолуулсан эрхэмүүдтэй юу ярих билээ.

Гэхдээ л энэ жил урд өмнөхөөсөө илүү онцгой байв. Ёстой л нэг шагналын хур аадар бороо мэт л цутгалаа. Арга ч үгүй биз дээ, сонгуулийн жил гэж бодохоор. Гэлээ гэхдээ шагнал олгохдоо ядаж нэг хүнд давхардуулж одон өгмөөргүй байна. Манай нэг аймагт юм уу даа. Хоёр улс төрийн хүчний гишүүд нэг малчинд давхардуулж “Алтангадас” одон олгохоор гэрт нь ирсэн байдаг шүү.

Мань малчин бараг л хошой одонтон болох шахсан гэнэ. Гэтэл нам, сум, байгууллагын ойн тэмдэгээс өөр одонгүй насаараа хөдөлмөрлөсөн эрхэмүүд цаагуур чинь тоолж баршгүй их байна. Тэр хүмүүсээ төр нүдээ нээгээд шагначихад болохгүй зүйл байхгүй гэмээр.

Хэнд ямар шагнал өгч байгааг түмэн олон анхааран хардаг юм шүү дээ. Үүнээс хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол найр, наадам.

Сайн өдөр болгон одонгийн найр. Хавар, зуны зургаан сардаа найр наадам нэг өдөр ч алслахгүй болох нь. Ингээд сонгуультай золгож, дахиад л ялсаны баяр. Баярлаж, баярлаж байгаад наадамтай золгоно. Наадмын дараа найр хурим.

Гэхдээ  сонгуулиас өмнө Монгол Улс одонгийн найрандаа “живэх” вий… Гэвч одоо төрдөө үнсүүлсэн хүн түмэн олноо хүндэтгээд найр, наадам хийлгүй л яах билээ.