Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

Нийгэм: Нийслэлийн иргэд хөл дүүжлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг нийтийн тээвэр хөгжих гэж хөгөө чирж байна. Өглөө, оройдоо иргэд нийтийн тээврээ хүлээж жавар тачигнасан өдрүүдэд зутарч л явна. Нийтийн тээвэр шинэчлэгдэх гэж хөгөө чирч иргэдийг зүдрээж байна, Хотын дарга аа!

Цар тахлын үед үнэтэй эм, тариа нь олдохгүй хэцүү цаг үеийг бид туулсан. Тэгвэл өнөөх эмнүүд нь агуулахад л хадгалагдаад хугацаа нь дуусаж хогийн цэг болсон талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн илрүүлэв. Гурван сая доллараар байгуулсан эмийн агуулахыг хогийн цэг болгоод хугацаа нь дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг хадгалж байжээ

Манай улсад сүүлийн 50 жил үзэгдээгүй их цас орсныг мэргэжлийн байгууллага нь тодотгож буй. Өвөл шувтарч хаврын эхэн сартай золгосон ч -40 хэмийг давсан хүйтэн өдрүүд тохиосоор. Малчин түмний хаваржилт хүндэрч эрвийх дэрвийхээрээ иргэд дор бүрнээ туслахаар аян өрнүүлж байна. SOS: "Цагаан, шилэн, төмөр зуд" нүүрлэж одоогоор 1,5 сая мал хорогдож, 72 мянган малчин өрхийн амьжиргаа хүндэрлээ

Улстөр: Сонгуулийн уур амьсгал албан ёсоор эхлээгүй ч хэн, ямар албан тушаал хаших вэ гэх таамаг дэвшүүлээд эхэлжээ АН ялбал Х.Баттулга Ерөнхий сайд болох “нигуур”-тай болчихов уу?!

Мөн сонгууль бүрийн өмнө С.Зориг агсны хэрэг сөхөгддөг жамтай. Энэ удаад Ерөнхий сайд ам нээв. Л.Оюун-Эрдэнэ “...С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой” гэж хэлснээс хойш бүтэн жил өнгөрлөө

Түүнчлэн нүүрсний хэрэг гээд нийгэм даяар л донсолгож сонсгол хийсэн. Гэтэл хэрэгтнүүддээ ял сонсож шийтгэсэнгүй. Яах нь тодорхойгүй сонгуулийг хүлээж цаг хожиж байна гэлтэй. Ганцхан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хэрэг л шүүхээр шийдэгдэх нь тэр. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмчийг хамтрагч Р.Сэддоржтойгоо эзэмшсэн хэрэгтээ хэзээ ял сонсох вэ?!

Эдийн засаг: 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарлага адилхан 2.2 сая төгрөг байна

2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 403 мянган төгрөгөөр буюу 23 хувиар нэмэгдснийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.  Харин үнийн нөлөөллийг арилган тооцвол 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 147 мянган төгрөгөөр буюу 13.2 хувиар нэмэгдсэн байна. 

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогын хувьд тус улирлын дүнгээр мөн 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 417 мянган төгрөгөөр буюу 24 хувиар өссөн гэв. Үнийн нөлөөллийг арилган тооцвол 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 156 мянган төгрөгөөр буюу 14.3 хувиар нэмэгджээ. 

Түүнчлэн ажиллагчид 2023 оны дөрөвдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 38.6 мянгаар буюу 3.3 хувь өсөж, ажилгүй хүн 15.8 мянган хүнээр буюу 24.5 хувь буурчээ.  Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 27.7 мянган хүнээр буюу 3.1 хувиар өсжээ. 

Спорт: Хакүхогийн шавь сүмогоос зодог тайллаа

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж зодог тайлах хүсэлтээ гаргасан Хокүсэйхо А.Даваанинжийн хүсэлтийг хүлээн авлаа.

Японы сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын анхны шавь нарын нэг Хокүсэйхо А.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг зодож дарамталдаг дуулиан гарсны дараа сүмогийн холбооноос түүнийг зодог тайлахыг шаардаж Хакүхогийн удирддаг "Миягино" дэвжээг хаах санал гаргасан юм.

Гэхдээ энэ удаад "Миягино" дэвжээний зэргийг хоёр шатаар бууруулах арга хэмжээ авчээ. Хокүсэйхо А.Даваанинж энэ жил 22 настай, доод дөрвөн зиндаанд түрүүлснээр 2023 оны долдугаар сарын башёд маэгаширагийн зургаадугаарт бичигдэж байв. Шавиа хүмүүжүүлж чадаагүй Хакүхогийн зэргийг хоёр шатаар бууруулсан. Ингэснээр их аварга сүмогийн Гүйцэтгэх зөвлөлөөс гарах аж.

Түүнчлэн түүний гурван сарын цалинг 30 хувиар бууруулж ирэх гуравдугаар сарын тэмцээнээр сүмогийн холбооноос тусгай хянагч томилж улмаар холбоонд тайлан тавихаар боллоо.

Эх сурвалж: The Japan Times

Соёл урлаг: "Трио" кино Бразил Улсын кино наадмаас "Алтан шар шувуу" шагнал хүртжээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Баттөмөр зохиолыг нь бичиж, найруулсан "Трио" кино Бразил Улсын Балнеариогийн олон улсын кино наадамд "Алтан шар шувуу" шагнал хүртжээ. Тус бүтээл нь дауны хам шинжтэй хүүхдийн асуудлыг хөндөж, нөгөө талаар эх, үрийн нандин холбоог хослуулан харуулснаараа онцлог бүтээл болсон юм. Гадаадын кино наадмуудад амжилттай оролцож байгаа олон ч шагнал түүж байгаа тус бүтээл нь кино урлагийн шилдэг бүтээл шалгаруулдаг "Мөнгөн мод" наадмын шилдэг киногоор шалгарсан юм.

Монголын төгөлдөр хуурч хүү ОУ-ын тэмцээнийг тэргүүлэв

АНУ-д болсон Олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд монгол хүү түрүүлжээ. Тодруулбал, АНУ-ын Нью Йорк хотын "Carnegie Hall"-д Олон улсын төгөлдөр хуурын тэмцээн болсон юм. Уг тэмцээн хоёрдугаар сарын 18 өдөр зохиогдсон бөгөөд Монголоос хоёр төгөлдөр хуурч оролцож байр эзэлжээ. 

Д.Мөнхбат тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт А.Базаррагчаа шалгарчээ. Тэд хоёулаа төгөлдөр хуурч, багш Ц.Дааръяагийн шавь нар аж.