Алдуул малын мэдээллийг дараах нээлттэй эх сурвалжаас авах боломжтойг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлж байна. 

Цагдаагийн байгууллагаас аймгуудад цаг агаар хүндэрсэн нөхцөл байдлаас шалтгаалан Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт шуурганд уруудаж ирсэн 40 мянга орчим толгой бод малын эздийг тогтоон, хүлээлгэн өгөх, алдуул мал завших, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зүүн гурван аймагт мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-г боловсруулан ажиллаж байна.

Уг төлөвлөгөөний дагуу Дорнод аймгийн цагдаагийн газраас орон нутгийн Засаг даргын Тамгын газар бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран Дорнод аймгийн Матад , Халхгол сумын нутаг дэвсгэрт нийт дөрвөн байршилд 42 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй отрын штабыг үргэлжлүүлэн ажиллуулж байна.

Өнөөдрийн байдлаар уг арга хэмжээний хүрээнд 20,000 гаруй тооны адууг им, тамга, зүс, содон шинж тэмдгийг харуулсан дүрс бичлэгээр бэхжүүлж, “Дорнод аймаг-Алдуул мал” фэйсбүүк хуудаст байршуулан иргэдэд мэдээлэл түгээснээр 11 мянга орчим тооны адуу, 92 тооны үхрийн эздийг олж тогтоон, мал бэлчиж байгаа байршлыг тодорхойлон ажиллаад байна.

Иймд иргэд та бүхэн Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс алдуул малаа хайж байгаа бол “Эгэл малчны эрхэм хүсэл”, “Хэнтий аймгийн алдуул болон олдсон мал”, “Дорнод аймаг-Алдуул мал”, “Алдсан олдсон мал” зэрэг нэршил бүхий фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авах боломжтой.

  • Дорнод аймгийн цагдаагийн газрын 80663102
  • Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын 88098479
  • Хэнтий аймгийн цагдаагийн газрын 88064563 дугаарын утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтойг мэдээллээ. 

ВИДЕО:

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв