Улаанбаатар хотын автомашин жилд 90 орчим мянгаар нэмэгддэг гэх судалгаа бий. Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 596 мянга. Гэхдээ дээрх бүртгэлтэй авто машинаас гадна орон нутагт бүртгэлтэй олон мянган машин зорчиж байна.

Тэгвэл ойрын таван жилд 100 мянган автомашин шинээр бүртгэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ.

 

Тодруулбал, Япон улсын “ЖАЙКА” олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар 2010 онд Улаанбаатарын гудамжаар авто машин 35 км/цаг хурдтай явдаг байсан бол 2021 онд 11 км/цаг болж буурчээ.

 

Автомашины импорт өнөөгийн хурдаар үргэлжлэх юм бол зам дээрх тээврийн хэрэгслийн дундаж хурд 2025 онд 8 км/цаг, 2030 онд 5 км/цаг болж буурна. Улмаар 2040 он гэхэд архаг түгжрэл үүсэж, үндсэндээ Улаанбаатар хотын гудамж огт хөдөлгөөн хийх боломжгүй нөхцөл рүү шилжинэ гэжээ. 

 

сонин mn

Тэгвэл авто машины импорт энэ хэвээр үргэлжилбэл хүнээсээ олон машинтай болох бодит тооцоолол гараад буйг Авто тээврийн үндэсний төвийн судалгаанаас харж болно. Цаашид үүнд тодорхой ямар нэг арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар тэг зогсолт хийнэ. Өөрөөр хэлбэл авто замууд машины зогсоол болж хувирна. 

 

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос олон огтлолцол, уулзвар бүхий автозам барих, агаарын дүүжин тээвэр, тусгай замын автобус нэвтрүүлэх, метро барих, авто зогсоолуудыг төлбөртэй болгох зэрэг урт, дунд хугацааны бодлогуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажил хэрэг болоод явж байна.

 

Гэхдээ эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр бодит үр дүнд хүрэх боломжгүй юм. Иймд автомашины импортын урсгалд тодорхой хэмжээгээр хаалт, хориг тавьж, зохицуулалт хийх хөшүүрэг чухал байгаа юм. Учир нь Улаанбаатар хотын автомашины болон зорчилтын өгөгдөлд хийсэн дүн шинжилгээгээр үүнээс өөр гарц гаргалгаа байх боломжгүй. Яг одоо нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй автомашины тооноос харахад автозамын даац, багтаамж аль хэдийн хэтэрсэн. Эдгээр автомашины тоог Улаанбаатар шиг гурван хотын хэмжээнд хэвийн гэж үзэх аж. Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр түгжрэлд нөлөөлнө. 

 

сонин mn

Хуучин автомашины худалдан авалт өндөр байна

 

Нийслэлд бүртгэлтэй автомашины ердөө 13.1 хувь нь 10-аас доош жилийн насжилттай. 47.9 хувь нь 16-аас дээш жилийн насжилттай байна. Жил ирэх тусам автомашины худалдан авалт нэмэгдэж байгаа ч шинэ биш хуучин автомашины худалдан авалт өсчээ. Энэ талаар Да Хүрээ захын автомашины ченж Б.Шинэзориг “Би 10 жил машины худалдаа хийж байна. Жил ирэх тусам иргэдийн худалдан авах чадамж буурч байна. Иргэд орж ирсэн шинэ машин худалдаж авахаас илүүтэй хуучин машин авах нь элбэг байна. Би энэ сард орж ирсэн 5, хуучин 10 машин худалдсан. Орж ирсэн машин авахдаа ихэвчлэн prius 40, 41 загварыг сонгож байна. Үүнийг дагаад дунд гарын жийпнүүдийн үнэ ч буурсан” гэв. 

 

сонин mn

 

Хан-Уул дүүргийн иргэд хоёроос дээш машинтай

 

Нийслэлд гурван хүн тутмын нэг нь автомашинтай байна. 1-1.5 машинтай өрхүүдийн дийлэнх нь Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байна. Хоёр машинтай өрхүүд ихэвчлэн Сонгинохайрханы 22, Баянгол дүүргийн 1, 4, Хан-Уулын 11 хороонд байна. Харин хоёроос дээш машинтай өрхүүд Хан-Уул дүүргийн 15-р хороонд хамгийн олон байдаг аж. Судалгаагаар нийслэлийн өрхүүдийн дийлэнх нь нэгээс илүү машинтай гэх дүн гарсан. Мөн Хан-Уул дүүргийн 11, 15, Баянзүрх дүүргийн 4, 5, 8, 16, 25, 26, Баянгол дүүргийн 6 хороод хамгийн олон буюу 5000-аас дээш автомашинтай. Эдгээр хороодыг харвал сүүлийн 10 жил эрчимтэй барилгажсан бүсүүд байна.

 

 

Б.Аригун 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин