"Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас улс төрийн намуудад шаардлага хүргүүлж буй тухайгаа мэдээлэл хийлээ. 

 

Тэд шаардлагадаа:

 

1. Бичил худалдаа эрхэлж буй иргэдийн 70-80 хувь нь өндөр хүүтэй өдрийн зээл гэх жилийн 120-360 хувийн хүүтэй санхүүгийн луйврын хохирогчид болон дарлуулан амьдарч байна. Санхүүгийн алдагдалд оруулж байгаа өндөр хүүтэй өдрийн зээлийг хуулиар хориглож, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хүү багатай санхүүгийн эх үүсвэр бий болгож “ХУДАЛДААЧДЫГ ДЭМЖИХ САН” байгуулахыг,

 

2. Ажлын байрны онцлог, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлаас хамаарч банкнаас зээл авах боломжгүй болсон, өмнө нь авсан зээлээ төлөх чадваргүй болж дампуурсан, хэт өндөр хүүтэй зээл авч, улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтанд орсон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, эрх чөлөөг хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг,

 

3. Өөртөө ажлын байр бий болгох, хүнд хэцүү нөхцлийг үл харгалзан амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа худалдаа үйлчилгээний салбарын иргэдээ төр бодлогоор дэмжиж Монгол банкны зээлийн мэдээллийн сан буюу хар зээлийн түүхийг цуцлахыг,

 

4. Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс чөлөөт зах зээлийн систем рүү шилжсэн цаг үеэс эхлэн худалдаа эрхлэгчид хуульгүй явсаар 30 жил өнгөрчээ. Худалдаа наймаа хийх нь иргэн хүний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх хэдий ч эрх зүйн орчин бүрдээгүйгээс аливаа худалдаа, наймаа эрхлэн явуулахад туйлын хүндрэлтэй байгаа тул “ХУДАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛЬ”- ийг хэлэлцэн батлахыг тус тус шаардсаар ирсэн боловч эрх баригчдын зүгээс дорвитой алхам хийгээгүй байна.

 

 

Монголын худалдаачдыг ажилгүй болсон багш, эмч, ажилчид, малчид бүрдүүлдэг онцлогтой ба худалдаачид өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаад тооцогдохгүй орхигдсон давхарга болоод байна.

 

 

2024 онд УИХ-ын сонгуулийн жил тохиож байгаатай холбогдуулан улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа өнөө үед худалдаачдыг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийг мөрийн хөтөлбөртөө тусган ажиллахыг улс төрийн намуудаас шаардахын зэрэгцээ оновчтой бодлого, мөрийн хөтөлбөртэй улс төрийн хүчнийг 2024 оны УИХ-ын сонгуульд дэмжихээ олон мянган гишүүдийнхээ өмнөөс илэрхийлж байна. гэсэн байв.