СХД-ийн 32 дугааг хороо Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрт зүй бусаар хорогдсон малын махыг бөөрөнхий мах болгож байна гэх иргэний мэдээлэл цахим сүлжээнд тархсан билээ.

Тодруулбал, энэ талаар НЭГҮҮН.МН сайтын сурвалжлах баг газар дээрээс нь бичлэг хийж, нийгэмд шүгэл үлээсэн юм.

Тэрхүү зураг бичвэрийн мөрөөр тус үйлдвэрт холбогдох байгууллагуудаас шалгалт хийхэд зудын улмаас зүй бусаар хорогдсон малын мах болох нь тогтоогджээ. Тухайн “Монгол бугат тал нутгийн хүнс” компани нь БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож битүүмжлээд байгаа юм.

Мөн энэ мэт гарал үүсэл нь тодорхой биш сэжиг бүхий  60 гаруй тонн махыг Мал эмнэлгийн ерөнхий газраас хяналт, шалгалт хийж устгалд оруулжээ. Хяналтын болон устгалын ажил үргэлжилж байна. Учир нь зүй бусаар хорогдож үхсэн малын махыг цэвэрлэж нууцаар оруулж ирж, гадуур хоолны газруудад өгч нийлүүлж байж магадгүй.

Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.