"2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр буюу Пүрэв гарагт 15:05 цагт ханш нээх улирал эхэлнэ" хэмээн МБШТ Гандантэгчэнлин хийдээс гаргасан Төгс буянт монгол зурхайн цаг тооны бичигт тэмдэглэжээ.

Монголчууд эрт дээр үеэс цаг тооллын хоорондын холбоо, хөгжил, ан амьтан, байгалийн хөдөлгөөн гэх мэт амьд байгалийн хөдөлгөөн, холбоо шүтэлцээ, зүй тогтлыг нарийн тусгасан шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй байжээ. Жаран жилийн цаг тооны бичгийг харж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байна. Энэхүү хуанлийн ёсонд ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх ханш нээдэг өдөр байдаг.

Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд тохиодог билээ. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун, намрын өнгийг тодорхойлдог.

Зул өргөх нь цаглашгүй их тустай хэмээн бурхны сударт өгүүлжээ. Зул нь гэрэл гэгээ , гал , хүч, дулаан гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд буддын шашны тахилын зан үйлд чухал байр суурь эзэлдэг. Зулыг билиг ухааны бэлгэ тэмдэг болгон тахилд өргөдөг, мунхаг муу сэтгэлийг арилган таслах гэрэл гэгээ хэмээн бэлэгдэн өргөдөг номтой. 

Буддын шашны тахилын зул өргөх сударт: “Энэхүү зулыг өргөсний ач буянаар Эх болсон хамаг амьтад бүгдээр Эгнэгт мунхгийн харанхуйгаас гэтлээд Эгүүрд билиг билгийн дээдийг олох болтугай” хэмээжээ.

Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг аж.

Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байсан.

Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Тийм ч учраас унаганд нь уяашуулж, дааганд нь давтуул, шүдлэнд нь шүттүгэй, хязааланд нь хөнгөлж өднөөс хөнгөн сумнаас хурдан, хүлэг болтугай хэмээн ерөөдөг байна. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг. 

Монголчууд ханш нээх зан үйл хийдэггүй. Хүмүүс ханш нээх өдөр өөд болсон хүмүүсийнхээ газрыг эргэдэг болоод удаж байна. Энэ нь сүүлдээ ёр болж, хэрвээ очихгүй бол муу юм болно хэмээн бодох болж. Угтаа энэхүү ёсыг Дорно зүгийн ард түмэн мөрддөг байжээ. Хятадууд ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээж өвөг дээдсийнхээ шарил, онгоныг хүндэтгэн тахидаг заншилтай байна.

Хятадууд өөд болсон хүнийхээ нэрийг муутуу цаасан дээр бичээд үнсийг нь шатаадаг байна. Энэ нь өөд болсон хүний сүнсийг төрөлх нутаг, хөрс шорооноосоо холдуулж түргэн хүн болгон эргэн ирүүлэхийг бэлэгдсэн сайн үйл хэмээн үздэг аж.

Харин Монголчууд эцэг эхийнхээ өөд болсон газрын гэрийн буурины ойролцоо гурван жил гэр барьж амьдардаггүй. Нутаглуулсан газар нь 3-5 жил очдоггүй уламжлалтай. Хэрвээ зайлшгүй очих шаардлагатай бол өдөр харж, Сандуйн жүд хэмээх номыг уншуулж явах хэрэгтэй хэмээн "Дорно Өрнийн сарын зурхай" сонины эрхлэгч Д.Цогтбаатар тайлбарласан юм.