Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас гадаадын орнуудад суугаа болон манай улсад сууж буй Элчин сайдын яамд,  олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд "Элчин сайдын мэдээ" буланг тогтмол явуулж байхаар боллоо.

Энэ удаа Монгол Улсаас гадаадын орнуудад суугаа зарим Элчин сайдын яамдын мэдээг тоймлон хүргэж байна.

 

Амралтын өдрийг амттай болгосон “Европын өдөр”

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр дэлхийн олон оронд “Европын өдөрлөг”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнөө жилийн Европын өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд боллоо. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус өдөрлөгийн үеэр 50 гаруй мэдээллийн асар байрлуулж, иргэдэд Европын улс орнуудын талаарх бүхий л мэдээллийг цогцоор нь авах боломжийг олгосон байлаа. Энэ үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцаж, үндэсний хоол амттанаар дайлуулан, хөгжөөнт тоглоом тоглож, урлагийн тоглолт үзэхээс гадна Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллүүдийг нэг дор авах боломжтой байлаа.

Ялангуяа боловсролын талаарх мэдээллийг иргэд илүүтэй сонирхож Эрасмус+ тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийн талаар мэдээлэл авах, төгсөгчидтэй уулзаж зөвлөгөө авахаар урт дараалал үүсгэсэн байв.

Монгол Улс болон Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож буй. Францаас эхлээд Швед, Норвеги, Швейцарь зэрэг 27 орныг эгнээндээ нэгтсэн Европын холбоо нь манай улстай олон салбарт хамтран ажилладаг. Европын өдөрлөгийн үеэр ч Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн асраа засч, үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулж байлаа.

Дашрамд дурдахад,  жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг “Европын өдөр” болгон тэмдэглэсээр 70 гаруй жилийг үдэж буй.1950 оны тавдугаар сарын 9-ний өдөр тухайн үеийн Францын Гадаад хэргийн сайд Роберт Шуман Парис хотод хэлсэн үгэндээ Нүүрс, гангийн үйлдвэрлэлийн нийгэмлэг байгуулахыгсанал болгосноор, “Шуманы мэдэгдэл” хэмээх энэхүү санаачилга нь Европын Холбооны эхлэл нь болсон. Энэхүү өдрийг Европын Холбоо, түүний гишүүн орнууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа төлөөлөгчийн газрууд тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

 

Европын 19 киног үнэгүй үзээрэй

Ирэх баасан гарагаас эхлэн дөрвөн өдөр “Европын кино наадам” Тэнгис кино театрт болох гэж байна. Энэ үеэр Каннын кино наадам, Сандэнс, Берлин, Сан Себастьяны кино наадмуудад шалгарсан уран сайхны кино болон уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг хөндсөн богино хэмжээний бүтээлийг Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй толилуулах гэж байна.

Эстони, Герман, Люксембург, Белги, Итали, Польш, Чех, Грек, Унгар, Латви, Австри зэрэг 11 улсын шилдэг бүтээлүүд багтсан байна. Тухайлбал, найруулагч Лийво Негласын “Эх хэлний эцсийн найдвар” киногоор наадмын үйл ажиллагааг нээх бөгөөд “Улъя Фанк даалгавар”, “Додо”, “Кратт”, “Ялдам” зэрэг нийт 19 киног өргөн дэлгэцээр үзүүлэх юм. Кино наадмын үзвэрийн тасалбарыг Тэнгис кино театрын билетийн касс болон https://www.tengis.mn сайтаар нэвтрэн үнэ төлбөргүй авах боломжтой.

 

“Солонгост суралцъя” боловсролын яармаг болно

Солонгос улсад суралцах хүсэлтэй залуус ирэх амралтын өдрүүдэд Улаанбаатар зочид буудлыг зориорой. Учир нь БНСУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулах STUDY IN KOREA боловсролын үзэсгэлэн яармаг болох гэж байна. Очсон хүн бүрт дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэтгэлэгт хэрхэн хамрагдахад нь туслахаар БНСУ-ын төрийн бус байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирсэн бөгөө мөн Солонгосын улсын болон хувийн 38 их дээд сургуулийн мэргэжилтнүүд сургууль, хөтөлбөрөө танилцуулж, тэтгэлгийн мэдээлэл өгөх юм. Мөн (www.studyinkorea.go.kr) цахим хуудсаар дамжуулан онлайнаар үзэсгэлэн яармагт оролцох боломжтой бөгөөд тэтгэлгийн талаарх цахим зөвлөгөөг chat-аар авч болох юм байна. БНСУ-ын Засгийн газар, Олон улсын боловсролын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа үзэсгэлэн яармагт тус улсын их дээд сургуулийн төлөөлөл шууд хамтран оролцож байгаа цорын ганц арга хэмжээ учраас Солонгост суралцах, тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар бодит хамгийн бодитой мэдээллийг авах боломжтой гэдгийг ЭСЯ-ныхан онцоллоо.

 

Виз мэдүүлэхээр цаг авсан иргэд мэдээллээ шинэчлэхийг сануулав

АНУ-ын ЭСЯ-наас Консулын хэлтсээс Цагаачлалын бус виз мэдүүлэгчдэд зориулан чухал зар гаргажээ. Ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн визний DS-160 маягтын баркодын дугаар нь цаг товлох хүний хувийн хаяг дээрх дахь баркодын дугаартай ижил байх шаардлагатай гэсэн өөрчлөлт орохоор болжээ.  Хэрэв хоёр код нь зөрүүтэй тохиолдолд визийн ярилцлагын товлосон цаг цуцлагдах болохыг Консулын албанаас анхааруулжээ. Тиймээс ирэх сарын 1-нээс хойш ярилцлагад орох иргэд нэн яаралтай мэдээллээ шинэчлэхийг сануулжээ. Энэхүү сануулгад,”дээрх асуудал үүсэхээс сэргийлэхийн тулд та дараах алхмуудыг хамгийн багадаа долоо хоногийн өмнө хийх шаардлагатай юм байна. Тухайлбал, Елчин сайдын яамны албан ёсны цахим хаяг руу нэвтэрч, өөрийн профайл дээрх баркодын дугаараа DS-160 маягтын баркодын дугаартай ижил болгосноор дээрх мэдээлэл шинэчлэгдэх юм байна. Мөн тусламж хэрэгтэй иргэд харилцагчийн үйлчилгээний 7555-1100 дугаар болон [email protected] цахим шуудангаар холбогдохыг хүсчээ.

 

Элчин сайд М.Игавахара мод тарив

Япон улсаас манай улсад суугаа Элчин сайд М.Игавахара итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад удаагүй байгаа. Шинэ томилогдсон сайд М.Игахавара гэргийн хамт “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д болсон өдөрлөгт оролцож, мод тарьжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, Гадаад харилцааны яам, Налайх дүүргийн ЗДТГ болон тус дүүргийн иргэд хамтдаа оролцож, мод тарих сайн үйлсэд нэгдлээ. Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах энэхүү өдөрлөгийг Гадаад харилцааны яам болон Налайх дүүргийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин