Сонгуулийн дуу ойртож улс төрчид бүүр ил цагаандаа гарчээ. Нэр дэвшигчид сонгуульд оролцох үнэмлэхээ авахад хэдхэн хоног дутуу байна. Тэд өнгөрсөн жилүүдэд хийсэн ажилтай бол сонгогчдынхоо өмнө нүүр бардам гарна. Гэтэл олигтой хийсэн ажилгүй хэлэлцсэн асуудалгүй байж "хэрэг" булаалцалдаж шившиг ээ тарьж сууна.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр зарим гишүүд Хөгжлийн Банкны гэх хэргийг анх хэн ил гаргасан бэ? гэдэг дээр маргалдав. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Авлигатай тэмцэх газрын ажлын 50 хувийн Хөдөлмөрийн Үндэсний Нам хийж байгаа шүү. Яагаад гэвэл Хөгжлийн Банкны нээлттэй сонсголыг бид анх удаа хийсэн. Нээлттэй сонсгол хийе гэж анх санаачлаад, шахаад, намын бүлгүүдтэй хамтран сонсголоо амжилттай хийсэн. Энэ дээр Б.Энхбаяр гишүүн сайн ажилласан. Бид хоёр гурван долоо хоногийн турш хамт сууж, сангийн асуудлыг нь гаргаж ирж байгаад, иргэдэд бодит мэдээлэл өгсөн. Үүний дүнд иргэд хоёр их наяд төгрөгийн хулгай бодитой юм байна гэдгийг мэдсэн. Гэвч Хөгжлийн Банкны дунд шатны хэдэн дарга нарт л хариуцлага тооцсон. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: ХҮН-ын дарга сая Хөгжлийн Банкны асуудлыг бид гаргаж ирсэн гэж байна. Үгүй юм. Хяналт шалгалтын тухай хууль гараагүй, сонсгол хийх эрхзүйн орчин бүрдээгүй байх үед надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад, Хөгжлийн Банкны анхны сонсголыг хийж байсан. Энэ сонсголоор 3.2 их наяд төгрөгийн найдваргүй зээл байна. Үүнээс 1.7 их наяд нь хугацаа хэтэрсэн явж байна гэж бид анх нийгэмд гаргаж ирсэн. Сонсгол хийх ажлын хэсэг байгуулъя гэж би өөрөө санаачилж хийсэн юм. Юм үнэнээрээ байх хэрэгтэй.

Ээ  дээ, хэрэг -ийг хүртэл булаацалдаад суух цаг мөн үү? Эсхүл сонгуульд горилоход нь нүүрийг нь тахал нь гэж бодоо юм болов уу? Хөгжлийн банкныг тоносон хэрэг хоёр ч шатны шүүхээр шийдэгдсэн. Энэ хугацаанд олон хүн холбогдсон ч эрх баригчид бол мултарсан. Илчилсэн чадсан юм бол бас хэргийг хүлээлгэж, ялыг нь үүрүүлсэн нь ардын баатар болох байлаа. Гэвч өдгөө олон хэргийн сонсгол хийсэн ч олигтойхон шийтгэлийг нь хүлээлгэж шийдэж байгаа нь алга. 

Шүүхийн шийдвэрүүдийг нь прокурор эсэргүүцдэг. Ийм л байдалтай байна. Прокурорын удирдлагууд “…Ер нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж шалгасан, энэ хэргийн оргилд байсан, яг зээлийн системийг зохион байгуулсан хүмүүсийг шүүхийн шатанд сулласаар, сүүлдээ эзэн холбогдогчгүй хэрэг болж дуусаж байна” гэж буй аж. Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банкны хэргийн томчуудыг нь авч үлдээд “жараахай”-нууд дээр ажиллаад байна” гэж үзсэн байдаг.

Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх нэр бүхий 48 хүнийг цагаатгаж шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүх Н.Батбаяр, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Ямартай ч тэдний нэр сонгуульд горилогчдын дунд бий. Хэрсүү байж сонголтоо хийхгүй бол дахин "хэрэг" булаалцалдах, өөрсдөө тонох хүмүүсийг төрд гаргах нь зүй ёсны хэрэг биш гэдгийг өнгөрсөн жилүүдэд ард түмэн хангалттай мэдэрлээ.