"Эрүүл амьдралын экспо"-г есдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах талаар Монголын хоол зүйчдийн холбоо, Иогийн холбооноос мэдээллээ.

Энэ үеэр эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, зөв хооллолтыг дэмжих зөвлөгөө, тэр дундаа жирэмсэн хөхүүл, нярай, бага настай хүүхэдтэй ээжүүд, ахмад настанд зориулсан сургалт, үйлчилгээг олон нийтэд зориулан явуулах аж. 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй: 

Бямба гарагт:

  •  10:00 цагт Иог нарны мөргөл (Сургалт-Жирэмсэн хөхүүл ээжүүдийн хооллолт)
  • 11:00 цагт Сургалт, өглөөний цай (Сургалт-Жирэмсэн үеийн сэтгэл зүй)
  • 12:00 цагт Өдөрлөгийн нээлт (Жирэмсний иогийн дасгал)
  • 14:00 цагт Сургалт-Нярайг бор хоолонд оруулах
  • 14:20 цагт Сургалт 0-3 настай хүүхдийн сэтгэл зүй
  • 14:40 цагт Kids activity
  • 15:30 цагт Сургалт-хүүхдийн хооллолт
  • 16:00 цагт Сургалт-хүүхдийн сэтгэл зүй, харилцааны онцлог
  • 16:30 цагт Дасгал хөдөлгөөн (Салат ажиллагаа)
  • 17:00 цагт Movie time

 

Ням гарагт: 

  • 10:00 цагт Иог сунгалтын дасгал
  • 10:40 цагт Сургалт-ахмадын хооллолт
  • 11:00 цагт урьдчилан сэргийлэлт үзлэгийн тухай
  • 11:20 цагт Нуруу засал
  • 11:50 цагт Сургалт-эрүүл тэнцвэртэй хооллолт
  • 12:20 цагт Идэвхтэй дасгал хөдөлгөөн
  • 12:40 цагт Сургалт-дасгал хөдөлгөөний үеийн хооллолт
  • 13:00 цагт Иогийн дасгал
  • 13:40 цагт Эрүүл амьдралын хэв маяг хэлэлцүүлэг
  • 15:30 цагт Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ
  • 16:00 цагт Зумба бүжиг
  • 16:30 цагт Урлагийн тоглолт

"Мэргэжлийн хоол зүйч нар үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө"

Монголын хоол зүйчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Ариунзул "Бид хоол зүйч мэргэжлийг хөгжүүлэх, түүгээр дамжуулан нийгмийн эрүүл мэндийг хоол, шим тэжээлээр дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

Энэ утгаараа "Эрүүл амьдралын хэв маяг экспо"-д мэргэжлийн хоол зүйч нар ирж, зөвлөгөө мэдээлэл хүргэнэ. 

Тодруулбал 

  • Нярай хүүхдийн хооллолт
  • Хөхүүл жирэмсэн эхийн хооллолт
  • Өсвөр насны хүүхдийн хооллолт
  • Ахмад настан болон насанд хүрэгчдийн хооллолтын талаар мэргэжлийн хоол зүйч нар мэдлэг мэдээллээ хуваалцах юм. 

Мөн Хоол зүйчдийн холбооны хоёр бүт ажиллана. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд мэргэжлийн хоол зүйч нар хооллолтын янз бүрийн асуудалтай байгаа хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллах юм" гэлээ. 

"Сэтгэл зүйн сонирхолтой зөвлөгөөг Сэтгэл зүйн төвөөс хүргэх болно"

 

Олон улсын хоол зүйч З.Маргарита "Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний дэмжлэгийн дагуу Хоол зүйн холбоо, Иогийн холбоо, Фитнесийн холбоо зэрэг эрүүл амьдралын хэв маягийг түгээсэн байгууллагууд хамтарч “Well being expo”-г зохион байгуулж байна. 

Олон нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалж, хоол зүйн сургалтыг явуулна.

Мөн олон төрлийн дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийцгээх болно. Өглөөний нарны мөргөл, зумба, хүүхдүүдэд зориулсан гимнастикийн хичээлүүд ч багтаж байгаа.

Мөн ахмад настнуудад зориулсан өглөөний сунгалт, иогийн дасгалыг санаачилсан. Үүний зэрэгцээ сэтгэл зүйн сонирхолтой зөвлөгөөг Сэтгэл зүйн төвөөс хүргэх болно.

  • 0-3 настай хүүхдүүдтэй хэрхэн харьцах
  • Хүүхдийг яаж бор хоолонд оруулах
  • Зөв амьдралын хэв маягийг хэрхэн түгээх
  • Өсвөр насны хүүхдүүдийн хооллолтын тухай
  • Гэдэс ходоодны өвчлөлийн тухай сургалтуудыг зохион байгуулна.

Мөн үнэгүй салатны амталгаа явагдана. Үндэсний үйлдвэрлэлийн эрүүл хүнсний бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой" хэмээв.