Дэнж хотойтол дэлгэр сайхан нааддаг миний Монголын үндэсний их баяр наадам эхэлж байна. Дуутай хууртай наадаж, эрийн гурван наадмаараа дэлхийд гайхагддаг бид хурдан мориныхоо шанадас хурдыг үзэж, эрхий мэргэн харваачынхаа цэц мэргэнийг сориж, хүчит бөхчүүдийнхээ эр бярыг бахдаж хотол олноороо сайхан нааддаг билээ. Үндэсний их баяр наадмаар МЗХ-ноос санаачилан “Залуусын наадам”-ыг 3 дах жилдээ зохион байгуулж бөгөөд дуутай хууртай, уралдаант хөгжөөнт тэмцээнтэй баяр наадмын нэг үйл ажиллагааг эхлүүлдэг билээ.

Хүй 7 худагт залуусын очиж сонирхоод үзчихээр урлагийн тоглолт номер, баяр наадмын үйл ажиллагаа байддаггүй нь залуусыг наадмын талбайд уйдаахад хүргэдэг. Тэгвэл энэ жил уламжлал болгон 3 дах жилдээ МЗХ “Залуусын наадам”-ыг зохион байгуулах бөгөөд залуусын трэнд, заавал ороод гарах, дайраад өнгөрөх ёстой наадам юм. Залуусын наадмын нээлт Хүй 7 худагт бидний хэлж заншсанаар Моби толгой дээр 7-р сарын 11-ний 13:00 цагт нээлтийн үйл ажиллагаа эхлэх юм. Тус наадмын нээлтэнд наадамлаж буй залуучууд, фэйсбүүкчид, твиттерчид оролцохын зэрэгцээ улс төр, бизнесийн салбарын эрхмүүд, урлаг спортын одууд, залуу яруу найрагчид, залуучуудын байгууллагын төлөөлөл, МЗХ-ны залуучуудын хороодын тэргүүлэгч гишүүд болон хэвлэл мэдээллийн байгууллагынхан урилгаар хүрэлцэн ирэх юм байна. Мөн “Залуусын наадам”-ын үеэр улс, тив дэлхийн аварга, салбар салбарын тэргүүний, манлайлагч, шилдэг залуучуудыг МЗХ-ны медалиар шагнаж урамшуулах ажээ.

Залуусын наадмын асарт МЗХ урьсан зочид, ирсэн гийчидээ наадмын хуушуур, айрагаар дайлж, урлагийн номер тоглолтоор бэлэг барих бөгөөд орой нь шоу арга хэмжээтэй гэдгийг дуулгая. Тиймээс залуучууд, наадамчин олон та бүхнийг “Залуусын наадам”-аар Хүй 7 худагт МЗХ-ны гэрт зочлохыг урьж байна.