Манай улсад хүн амын нягтаршил, төвлөрөл ихэссэнээс болж замын түгжрэл нийслэлийнхний хувьд томоохон асуудал болоод байгаа. 

Тиймээс Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд төслийн хүрээнд Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачлагыг 5 сарын 21-ээс хэрэгжүүлсэн юм. Санаачлагын хүрээнд Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн баг болох Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбооноос стандартын дагуу хийгдсэн дугуйн зогсоолын санал гарч, энэхүү саналыг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн юм.

Уг санаачилгад олон байгууллага нэгдсэн бөгөөд үүний нэг Хан-Уул дүүрэг 15-р хороонд байрлах олон улсын стандартад нийцсэн өндөр хүчин чадал бүхий  “Интермед” төв эмнэлэг юм.  Дугуйн зогсоолыг байгууллагынхаа гадна байгуулах санал санаачлагыг “Интермед” ажилтнууд гаргасны дагуу эмнэлгийн захиргаа, удирдлага нааштайгаар хүлээн авч 100 хувь хөрөнгийг нь гарган уг зогсоолыг хийлгэжээ. Ийнхүү Улаанбаатар хотын барилга байгууламж, албан байгууллагуудын гаднах талбайд дугуйн түр зогсоолыг байгуулах нь дугуйн хулгайн гэмт хэргээс сэргийлэх, хотын өнгө үзэмж болон иргэн, албан хаагч дугуйтай зорчих боломжийг бүрдүүлж өгч байгаа томоохон ач холбогдолтой юм.