Урт удаан хугацааны турш хардлага сэрдлэг, хэл ам дагуулж, улс төрчид, мэргэжлийнхнийг хэд талцуулсан улсын төсвийн 70 сая долларын хөрөнгөөр хийгдэх төмөр замын тоног төхөөрөмжийг шинэчлэх тендерийн асуудал өнөө маргаашгүй шийдэгдэх гэж байгаа. Энэ тендерт оролцогчдын дунд тагнуулын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөрөө дэлхий нийтийг баруун солгойгүй жийрхүүлж, зард гараад байгаа хятадын компани оролцсон консорциум байгаа нь болгоомжлол төрүүлж байгаа юм. Иймээс ч тендерийн эргэн тойрон дахь асуудалд манай Тагнуулын Ерөнхий Газар анхаарлаа хандуулсан гэнэ. Мөн Тендерийн үнэлгээний комиссын дарга Б.Жаргалд Авлигатай Тэмцэх Газраас оролцогчдын талаар албан бичиг явуулсан байна. Энэ тендерээс ашиг хонжоо харсан зарим улс төрчид ч хууль хяналтынхны анхаарлын төвд оржээ.