Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 841 тээврийн хэрэгсэл наадамчин олонд үйлчилнэ. Үүнд: 83 чиглэлд их багтаамжийн 593, туслах 21 чиглэлд  бага оврын 165, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 7, их багтаамжийн 10, баярын үйлчилгээнд 66 автобус гарсан.

Өнөөдөр буюу долоодугаар сарын 13-нд "Дүнжингарав" худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын таван автобус наадамчин олонд “үнэ төлбөргүй”-ээр үйлчлэх бол Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксийн үйлчилгээг иргэдэд үйлчлүүлэх зохицуулалтыг Нийслэлийн Тээврийн газраас хийж байна.

Мөн Хүй 7 худаг руу явах иргэдэд зориулан Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-ийн автобусны зогсоолоос нэмэлт автобусны үйлчилгээ гаргана.  ”МУБИС”-ийн зогсоолоос  том оврын  20 автобус,   “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”   гэсэн таван чиглэлээс  тус бүр дөрөв нийт 20 автобус наадамчин олондоо үйлчилнэ.

Нийтийн тээвэр  хот дотор ердийн амралтын өдрийн  хуваариар ажиллана.