Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат Увс нуур дэвжээний бөх Улсын харцага Н.Батсуурь 512 бөхөөс 9 даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн. 

Улсын арслан цол хүртсэн Н.Батсуурийн сэтгэгдлийг хүргэе.

-Улсын арслан цол хүртсэнд баяр хүргье?

 -Баярлалаа, Монгол нутаг орон маань түшиж ийм сайхан цол авсандаа баяртай байна. Даваа бүхэндээ үнэхээр хичээж барилдлаа. Намайг дэмждэг гэр бүл, аав ээж, нутгийн ах дүүсдээ бүгдэд нь баярлалаа. Энэ хүмүүсийнхээ хүч дэмээр, улсын арслан цолыг хүчээрээ авлаа.

 

Хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Идэр сумын харьяат Улсын начин Ш.Жаргалсайхан үзүүрлэж, Улсын гарьд цолны эзэн болсон юм.

-Улсын гарьд цол хүртсэнд баяр хүргье?

-Баяр наадмын бөхийн барилдааны үзүүрт шалгарсандаа баяртай байна. Завхан нутгийнхан маань сайхан наадлаа. Би улсын наадамд 13 жил барилдаж байна. Начин болоод дөрвөн жил боллоо. Тэгээд гарьд цолыг өөрийн хүчээр авч, төрийнхөө наадамд үзүүрлэсэндээ маш их баяртай байна. Нийт Монголчууддаа, Завхан нутгийнхаа ард түмэнд баярлалаа. Завхан аймгийн Идэр суманд байгаа аав Ширбазар, ээж Лхагвасүрэндээ их баярлалаа. Би анх Юнрэн багшид шавь орж байсан. Багшдаа баярлалаа

 

 

М.Мөнхзул 

А.Баярмаа