Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан  үзэх, ярих зүйл ихтэй байсан. Үндэсний их баяр наадамд  512 бөх зодоглосноос аварга 5, улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглож улсын цолтон найм төрсөн.

Начин цолтон-5, харцага цолтон-1, гарьд цолтон-1, арслан цолтон-1 нийт8 бөх улсын цолтой боллоо. Тодруулбал, Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Б.Суманчулуун, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Цэргийн арслан Б.Бадамсүрэн, Архангай аймгийн харьяат, аймгийн арслан Н.Адьяабат, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир нар начин цолны болзол хангаж Төрийн тэргүүнээсээ цол, тэмдгээ гарган авсан.

Төрийнхөө их баяр наадамд зургаа давсан Ховд аймгийн чандмань сумын харьяат Улсын начин Б.Пүрэвсайханд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цол олгосон байгаа.

Хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Идэр сумын харьяат Улсын начин Ш.Жаргалсайхан үзүүрлэж, Улсын гарьд цолны эзэн болсон юм.

Улсын харцага Н.Батсуурь 512 бөхөөс 9 даван түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн юм.

 

М.Мөнхзул 

А.Баярмаа