Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд хиймэл оюун ухаанд суурилсан 2,600 гаруй камерыг 2024 онд шинээр суурилуулж, нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг энэ онд нээгээд буй.

Хиймэл оюун ухаанд суурилсан эдгээр камераар тээврийн хэрэгслийн хурд, гэрэл дохио, автобусны эгнээгээр зорчих, эгнээ байр эзлэх, автобусны буудал дээр зогсох, агшин зуурын хурд хэтрүүлэх, дундаж хурд хэтрүүлэх, Зогс шугам давах, түр буюу удаан хугацаагаар зогсох, явган хүний зам буюу ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулсан зэрэг 10 зөрчлийг илрүүлж байгаа аж.

Энэ тухай "2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн эдгээр 10 зөрчлөөс гуравт нь буюу Зогс шугам давах, урсгал сөрөх, эгнээ байр буруу эзлэх зөрчлийг илрүүлж, жолооч нарын гар утсанд 130092 дугаараас сануулах мессеж илгээж эхэлсэн. Энэ нь торгууль биш.

Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 348 сануулах мессеж илгээгээд байна" гэж Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг тайлбарлалаа.

Жолооч нарын бүртгэлтэй гар утасны дугаарт 130092 тусгай дугаараас "Таны ****УАН дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ" гэсэн утгатай мессеж ирсэн бол сануулах мессеж юм байна. Ингэхдээ замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/ илгээдэг болжээ.

Хариуцлага тооцох тухайд Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр гудамж, замуудад түгжрэл, ачаалал үүсгэдэг.

Теле камераар замын хөдөлгөөний түгжрэлийг бий болгодог зөрчлийг илрүүлж байгаа. Жишээлбэл уулзвар гарцаас 20 метрийн зайд эгнээгээ эзэлсэн байх ёстой. Гэтэл жолооч нар уулзварт дөхөж ирэнгүүтээ эгнээ байраа сольдог нь гэрэл дохио асах үеийн тухайн эгнээгээр зорчиж байгаа бусад тээврийн хэрэгслийг удаашруулах, үүнээс улбаалж уулзвар орчимд осол гарч байгаа нь түгжрэл ачаалалд нөлөөлдөг юм.

Зогс шугамыг зөрчиж давах нь явган зорчигчийн аюулгүй байдлыг алдагдуулах, бусад уулзвараас нэвтэрч байгаа тэврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг.

Гэрэл дохио нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохион байгуулах үүрэгтэй. Гэрэл дохио, зогс шугам, эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг камераар илрүүлж, хариуцлага тооцохоор ажиллаж байна.

Дээрх зөрчлүүд замын хөдөлгөөний түгжрэлд том нөлөө үзүүлдэг. Жишээлбэл Сансрын зүүн талд осол гарлаа гэхэд Намъянжугийн гудамж, Нарны зам, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнд шууд нөлөө үзүүлж, түгжрэл үүсгэдэг" гэв.

Хиймэл оюун ухаанд суурилсан камеруудаар илэрсэн зөрчилд 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хариуцлага тооцож эхэлнэ гэдгийг тодотголоо.

Нийслэл хотод 801,920 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 584,151 нь суудлынх бол 93,222 ачааны машин байна.