Иргэн О.Отгонтөгс УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага тооцуулах асуудлаар Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан бөгөөд тус хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. 

Өнгөрсөн аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 95-р тогтоолыг баталсан байдаг. Гэвч энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдгийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Улмаар дээрх УИХ-ын чуулганы хуралдааныг удирдсан Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулсан бөгөөд 11-р сарын 24-нд прокуророос яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь гадаад томилолттой байгаа бөгөөд энэ 7 хоногийн сүүлээр ирэх мэдээлэл байна.

Дээрх нэр бүхий хүмүүсийг  Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн заалтаар яллагдагчаар татсан байж магадгүй байна. 

Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл /Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах/-ийн 1-д "Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд "Зохион байгуулалттай бүлэг байгуулсан" гэх зүйл анги нэмж хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтын дагуу "Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах", Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм.