Дасан зохицох спортын чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулагдлаа
2 цагийн өмнө

Монголын Үндэсний Паралимпын хорооны Ерөнхийлөгч Ч.Чимэд Отгон өнөөдөр /2026-01-26/ ОХУ-ын Чита хотоос хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтад Тэгш хамруулах боловсролын бүсийн төвийн захирал Сергей Тихонович Кохан мөн Оросын Чита хотын Биеийн тамир, спортын бэлтгэлийн төвийн захирал Алексей Викторович Максимов нар оролцов.
Уулзалтын үеэр талууд дасан зохицох спортын хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй болон онцгой хэрэгцээтэй иргэдийн спортын оролцоог нэмэгдүүлэх, биеийн тамир, спортын хөтөлбөрийг боловсрол, нийгмийн салбартай уялдуулах асуудлаар санал бодлоо солилцлоо.
Ч.Чимэд Отгон Ерөнхийлөгч дасан зохицох спорт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих, нийгэмшлийг нэмэгдүүлэх, тэгш оролцоог хангах чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол Улсад параспортын тогтвортой хөгжлийг хангахад чухал нөлөөтэйг дурдав.
Зочид төлөөлөгчид Чита хот болон ОХУ-д хэрэгжиж буй дасан зохицох спортын сургалт, бэлтгэлийн тогтолцоо, тэгш хамруулах боловсролын туршлага-аа танилцуулж, цаашид:
хамтарсан сургалт, семинар зохион байгуулах
дасгалжуулагч, мэргэжилтэн солилцох
хүүхэд, залуучуудын дасан зохицох спортын хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Уулзалт нь хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дасан зохицох спортын хөгжлийг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо.
Дасан зохицох спорт гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй, онцгой хэрэгцээтэй хүмүүс (хөдөлгөөн, хараа, сонсгол, сэтгэл-мэдрэхүйн онцлог гэх мэт) аюулгүй, тэгш оролцох боломжтой байхаар дүрэм, тоног төхөөрөмж, орчныг нь тохируулсан спортын төрөл юм.
Жишээ нь:
- Тэргэнцэртэй сагсан бөмбөг
- Протезтэй гүйлт
-Тусгай бариул, чиглүүлэгчтэй усанд сэлэлт
- Хараагүй хүмүүсийн хөлбөмбөг (дуу гаргадаг бөмбөгтэй)
- Аутизмтай хүүхдүүдэд тохируулсан спортын хөтөлбөрүүд
(дуу чимээ багатай орчин, богино дасгал, тоглоомын хэлбэр)






