16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц ноцтойгоор хөнөөж, нийгмийг цочроосон хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн хамжигчаар оролцсон нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Ц.Давгадоржийн бүх насаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараагаар 16 настай хохирогчийн ээж Г.Отгонтуяа "Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийн тогтоол нь 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр гарлаа. Давж заалдах шатны шүүхийг арай томоор харах байх гэж хүлээж байсан, маш их гомдолтой байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул Улсын Дээд Шүүхэд хандана. 

Манай таван өмгөөлөгч багаараа хангалттай нотлох баримтад үндэслэн хүсэлт гаргасан. Үүнийг шүүхийн шийдвэр танилцуулахдаа нэг ч дурдаагүйд гомдолтой байна. Цаашид улсын шүүхэд хандаж, эцсээ хүртэл бид багаараа ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.