Баруунсалаа, Зүүнсалааны 800 айл өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлнэ гэж мэдээлэв
2 цагийн өмнө

“Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны 01 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 100-4,200 кВт хүчин чадалтай зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх дараах хоёр хувилбарыг төлөвлөж, холбогдох талуудтай уулзалт зохион байгуулан ажиллаж байна” гэж нийслэлийн Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч А.Амартүвшин танилцуулав.
Тодруулбал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаа, Зүүн салаанд нийт 2.4 мBт бүхий гурван сэргээгдэх эрчим хүчний бичил цахилгаан сүлжээг байгуулж, 800 айл өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх “Нарны эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цэвэр халаалтын системийг Улаанбаатар хотын гэр хороололд нэвтрүүлэх төсөл”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд 2026 оны наймдугаар сард багтаан батлуулах аж.
Харин Азийн Хөгжлийн Банктай хамтран эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан (JFPR)-ийн буцалтгүй тусламжаар 303 айл өрхийн халаалтыг шахмал түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, карбон кредит тооцох Цэвэр эрчим хүчний шилжилт төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ оны долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4,128 өрх, нийт 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлээд байна хэмээв.






