Манай улсын эдийн засаг элгээрээ мөлхөж, ард түмний амьдрал хүндхэн байдалд ороод буй гэдгийг хэн ч хэлэх биз ээ. Тэгвэл дээгүүр суудалтай гэж өөрсдийгөө дөвийлөгчид иргэдээс санал авч төрд сууснаа мэддэггүй бололтой. Эрх мэдэл, алба тушаалаараа далайлгаж элдэв хэрэг явдалтай орооцолдсноо нууна дарагдуулахыг оролдох нь даанч өрөвдөлтэй. Даравч далдайна, Булавч бултайна гэх сайхан ардын үг бий. Үүний тод жишээ болсон улс төрчдийн хутгалдсан хэрэг нийгэмд дуулиан тариад байна.  Ямар хэрэг гарна, улс төрийн будлиан болно тэрэнд хамгийн түрүүнд нэр нь орчихсон явдаг нөхдүүдийн эгнээнд сүүлийн үед Н.Алтанхуяг, С.Тэмүүжин нарын нэр гарах болсон.

Тодруулбал, АТГ-аас өнгөрөгч сарын 29-нд Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамт баривчлан саатуулсан. Ийн саатуулах болсон шалтгаан нь  Шинэчлэлийн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хоёр жил дараалан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил энэ хөтөлбөрийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх хариуцан ажиллажээ. Энэхүү ажиллах хугацаандаа их хэмжээний мөнгө идсэн байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж буйгаа дуулгасан.

-Алдагдалтай ажилласан хэмээн төсвийн мөнгийг завшжээ-

Ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Л.Гансүх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279,000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тонныг нь 80,000 төгрөгөөр худалдсан байна. Үүгээрээ их хэмжээний ашиг олж, Төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан. Мөн дээрх албан тушаалтнуудын өөрсдийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүд нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ алдагдалтай ажилласан хэмээн Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор 854 сая төгрөг, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөнөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж АТГ-аас мэдэгдсэн билээ.

-Түүний хамсаатангууд-

Тэрбээр дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу Л.Гансүх, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Хүнсний аюулгуй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нарыг долдугаар сарын 29-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263,2, 150 дугаар зүйлийн 150.3, 1661 дүгээр зүйлийн 1661.2-т заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял сонсгон, яллагдагчаар татаж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 671-1, 671-2, 671-3, 671-4 дүгээр захирамжууд гарч Л.Гансүхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

-Л.Гансүхийн том ар гэх Ерөнхий сайд-

Ерөнхий сайд болгон зөвлөхөө өмөөрч мэдэгдэл гаргаад байсныг нэг и х санахгүй байна. Тэгвэл эл сонин содон үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон юм. Л.Гансүхийг АТГ-аас шөнө дөлөөр баривчиллаа гэх мэдээллийн дараахан нь Н.Алтанхуяг мэдэгдэл гаргасан билээ. Тэрхүү мэдэгдэлдээ:

Шинэчлэлийн Засгийн газар гэр хорооллын иргэдээ хямд өртөгтэй нүүрсээр хангах зорилгоор “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд өмнө нь 200 мянган төгрөгөөр авдаг байсан нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр худалдан авдаг болж, бага дунд орлоготой олон мянган өрхийн амьдралд бодитойгоор нөлөөлж иргэдийн талархал хүлээсэн билээ.

“Нүүрс” хөтөлбөр олон хүний хичээл зүтгэлээр амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд зохицуулагчаар ажилласан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн үүрэг оролцоо өндөр байсан юм.

Гэтэл ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно.

Монгол Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Өөрийнхөө эл гаргасан мэдэгдэлд бусдыг дагжин чичирч, айн зөвлөхийг нь суллана гэж бодоогүй байлгүй дээ, эрх биш.

-Н.Алтанхуяг, С.Тэмүүжин нар  хууль зөрчсөн, тэдний толгойг илээд өнгөрөх вий дээ -

Түүний зөвлөхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хориход цагдан хорьсон. Тэгвэл үүнээс хоёр хоногийн дараа буюу долоодугаар сарын 31-ний өдөр АТГ-ын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргалын нэр дээр МУ-ын Ерөнхий сайдын гарын үсэгтэй мэдэгдэл ирсэн юм.

Уг мэдэгдэлд “Би өөрийн ахлах зөвлөх Л.Гансүхтэй нэн даруй биечлэн уулзах хүсэлтэй байгаа тул энэ өдрийн 9:00-11:00 цагийн хооронд уулзалт зохион байгуулахыг мэдэгдье” гэжээ. Мэдэгдлийн хариуг АТГ-аас МУ-ын ерөнхий сайдад хүргүүлэхдээ “ Таны хүсэлтийг хүлээн авах нь МУ-ын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.2.4-д заасан ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа тул хүсэлтийг хангах боломжгүй” гэх хариуг өгчээ. 

Мэдэгдлийн хариуг хүлээн аваад  МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг нь шийвдэрийг үл хүндэтгэн Хуульзүйн сайд Х.Тэмүүжинтэй хамт Төв аймаг дахь цагдан хорих төвд очиж тус төвийн даргын өрөөнд Л.Гансүхтэй уулзсан. Энэхүү монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль Ерөнхий сайд, С.Тэмүүжин нарт адил тэгш үйлчлэх ёстой. Эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуулийг уландаа гишгэж, хууль биш гууль болгож орхин ард түмэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж буй тэднийг яах вэ? гэдгийг харж л суух үлдлээ. Энэ мэтчлэн хууль зөрчихөөд зүгээр яваад байх бол "Хууль" гэж яриад түүгээрээ зөвхөн ард иргэдийг шүүх тогтолцоо бах хэрэг байна уу? үгүй юу гэдгийг бодох л асуудал. Бид ч бас нүд, чихтэй улс гэдгийг төрийн нэрийг ашиглагчид мэдэж байх нь зүйн хэрэг.

 

Х.Даваа