Гэрчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх ажлыг зарим төрийн бус байгууллага олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд явуулдаг байсан бол хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх ажил хийгддэггүйгээс гадна эрх зүйн орчин ч байгаагүй. Улмаар шүүхийн өмнө үнэн бодит мэдээлэл өгөх ёстой гэрч, хохирогчийн аюулгүй байдал алдагдаж тухайн хэргийн гэрч, хохирогч мэдүүлгээсээ буцах, худал мэдүүлэг өгөх явдал их байжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийн гэрч, хохирогч нь эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй нэгнээс айх, сүрдүүлэгт автдаг байна. Энэ нь Үндсэн хуулийн 14.1-д заасан шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн заалт зөрчигдөж байсны илрэл юм. Харин энэ оны 1 сарын 1 нээс эхлэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд шүүхийн өмнө тэгш эрх эдлэх хууль, эрх зүйн орчин нөхцөл бүрджээ.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд зааснаар цагдаа, мөрдөх алба, тагнуул, авилгатай тэмцэх газар, тахарын алба гэрч, хохирогчийг хамгаалалтад авах, тэдэнд туслалцаа үзүүлэх үүрэгтэй төдийгүй дэргэдээ нэгж байгуулахыг заасан байна. Одоогийн байдлаар Тахарын алба дэргэдээ гэрч, хохирогчийг хамгаалах нэгж байгуулан ажиллаж байгаа юм байна. Тус алба нь өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж, өнөөдрийг хүртэлх хугацаанд 27 хүнийг хамгаалалтад авч, туслалцаа үзүүлжээ. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж буй энэхүү ажлын үр дүн гарч эхэлсэн нь энэ тоогоор харагдаж байна. Өмнө нь гэрч, хохирогчийг айлган сүрдүүлэхэд төрийн бус байгууллагаас өөр хамгаалан дуугарах нэгэн байгаагүй бол төрөөс иргэнээ хамгаалан дуугарч эхэлсэнд талархах хүн олон байна.