Зурагт, радио, цахим ертөнц, сонин, сэтгүүл гээд мэдээллийн бүхий л хэрэгслээр айл өрхийн амь жиргааны төвшин буурсан, ажилгүйдэл ихэссэн, цалингаасаа тануулсан, ажлаасаа халагдсан тухай мэдээлэл гарах болсоор удаж байна. Үүний зэрэгцээ улстөрчид эдийн засгийн хямралыг богино хугацаанд зогсоох талаар хэлэлцэх авч төдийлөн амжилтад хүрсэнгүй. Бараг Шинэчлэлийн гэх Засгийн газар байгуулахаас үүссэн энэхүү хямралыг зогсоох тухай өнөө хэр хэлэлцсээр л. Гэвч ард түмний амьдрал сайжирч, эдийн засаг сэргэх нь бүү хэл улам л дордсоор байгааг эрх баригчид эцэстээ хүлээн зөвшөөрлөө. Шинэчлэлийн Засгийн газар огцорч Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноор шинэ буюу хамтарсан Засгийн газар бүрдүүлэх урилгыг МАН-д хүргүүлсэн. Үндсэндээ эрх баригч хүчин болох АН-ынхан “Бид эдийн засгийг сэргээж чадахгүйгээ ойлголоо, Засагт хамтарч ажиллая” хэмээн цагаан тугаа өргөж буй аж. Гэхдээ тэд эдийн засгийн хүнд байдалд орсноо мэдэж байсан ч Засгийн газрыг нь огцруулах хүртэл “Эдийн засаг хүндрээгүй” гэж мэлзсэн нь тэднийг ард түмэндээ биш албан тушаалдаа хэтэрхий хайртайг нь харуулсан.

   Харин шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сонгогдоод хэлсэн үгэндээ “Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй, хэцүү байдал, эдийн засгийн эсвэл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эцэс төгсгөлгүй маргаанаа орхиод одоо улс орон хямралтай байна гэдгээ юуны өмнө шууд хүлээн зөвшөөрцгөөе. Төгрөгийн ханш суларлаа, хөрөнгө оруулалт огцом буурлаа, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна, өрийн сүлжээ газар авлаа гэсэн эцэс төгсгөлгүй олон зүйлсийг энд дахин нуршмааргүй байна. Одоо харин үүсээд байгаа нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг чухал. Шинэ Засгийн газар гурван чиглэлд гол ач холбогдол өгч ажиллана. Үүнд: нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, эдийн засаг байх болно” гэж хэлсэн. Гэхдээ хэрэв эрх баригчид өмнөх нурсан байшингаа эргүүлээд өөрөөр нь эвлүүлээд босговол албан тушаалдаа тэд хайртай хэвээр байх болно. Тиймээс хамтарсан Засгийн газар байгуулах нь ард түмний амьдралд эерэгээр нөлөөлж мэдэх юм. Өнөөдрийн байдлаар манай улс гаднаа ч, дотроо ч өрийн сүлжээнд гүн орлоо. Тодруулбал, манай улсын нийт өр 13.2 их наяд төгрөг болсон бөгөөд үүнээс гадаад зээл 3.9 тэрбум, Засгийн газрын баталгаа 2.3, төрийн өмчит компаниудын өр 1.6, ”Чингис”, “Самурай” бонд, гадаад үнэт цаасны өр 2.7, дотоод үнэт цаасны өр 2.1 тэрбум төгрөг байгаа аж. Уг нь гаднах өрийн босго ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Хэрэв үүнээс давбал эдийн засгийн нөхцөл байдал дарамтад буюу бусдын хараат байдалд орно гэсэн үг. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх өрийн хэмжээ ДНБ-ий 50 хувьд хүрээд байгааг судлаачид хэлж байгаа юм. Зарим эдийн засагчийн хэлж буйгаар бүр 60 хувьд ч хүрсэн байж болзошгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Дэлхийн болон Азийн хөгжлийн банкны зээл, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын гаднах өр гээд нарийн тооцвол гаднах өр хэрээс хэтэрч, үндэсний аюулгүй байдалд хор учруулахаар болсныг хэлэх хүн олон байна. Тэгвэл дотооддоо буюу аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх бүгд банкны зээлийн дарамтад орж, эцэстээ байгууллагууд хаалгаа барих нь бүү хэл айл өрхийн салалт, ядуурал газар авлаа. Өнгөтэй бүхнээ зээлийн барьцаанд тавьж, хугацаанд нь зээлээ төлж чадалгүй алдах бол энүүхэнд болсон. Төрийн зарим байгууллага ч ихээхэн хүнд байдалд орж, ажилчдынхаа цалинг тавьж чадахаа больсон нь нууц биш.

   Эх сурвалжийн мэдээлснээр төрийн мэдлийн дөрвөн ч газар санхүүгийн асуудалд орсон сурагтай. Тухайлбал, ШӨХТГ- ын байрладаг Засгийн газрын XI байрны жижүүрүүд бүгд цалингаа авч чадахгүй байгаа аж. Мөн Төрийн өмчийн хороо /ТӨХ/-ны болон Ашигт малтмалын газар / АМГ/-ын жижүүрүүд, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар /НХҮЕГ/-ын нийт ажилчид цалингийн бараа харалгүй удсан гэнэ. Энэ мэтчилэн өдрөөс өдөрт төрийн, хувийн гэлтгүй компаниуд хүнд байдалд орсоор байна. Харин шинэ Ерөнхий сайд “Компаниуд банк наас нэмж зээл авах, барь- цаалах хөрөнгө үндсэндээ байхгүй болж, бие биетэйгээ авлага өглө- гийн асар том сүлжээ үүсгэлээ. Иймд компанийн хувьцаа, өөрийн үнэл гээг барьцаалан зээлжих шинэ бололцоог бий болгоно” гэж хэл- сэн. Өөрөөр хэлбэл, компа ниудад өөрт үлдсэн бүхнээ эцсийн удаа барьцаалж зээл авах боломжийг бий болгох гэнэ.

 

Тэгээд алдвал ёстой төрсөн биеэс өөр юу ч үгүй үлдэнэ гэсэн үг. Мөн улсын гаднах өр хэрээс хэтрээд байтал урд хөршөөс нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авч хямралаас гарах тухай ярьж сууна. Өмнөх өрийн хөө дарамтад улс орон бүхэл дээ уначихаад байхад да- хиад өр тавьж эдийн засгаа сэргээх юм байх. Үүнийг олон хүн эсэргүүцэж “Эцэстээ улс орноо өрөнд өгөх дээрээ тулах вий” хэмээн болгоомжилж байна. Харин Ч.Сайханбилэгийнхээр бол 30, 40 жилийн дараа төлөх, бага хүүтэй, урт хугацааны хөнгөлөлттэй зээл авч авто зам, төмөр зам болон удаан хугацаанд үр ашгаа нөхөх дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх гэнэ. Ингэхдээ тэрбээр “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг богино хугацаатай, хүү харьцангуй өндөр, мөн үр ашиггүй зүйлд зарцуулсныг ч хэлсэн. Хэрэв дээрх зээлийг авбал манай улс богино хугацаандаа хоёр бондын, урт хугацаандаа урд хөршийн өрийн дарамтад орж толгой өргөхгүй амьдрах нь бололтой. Уг нь өмнөх бондуудын хөрөнгийг зөв зүйлд зарцуулсан бол өдийд ийм хүнд байдалд орохгүй л байсан.

 

Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк хоёрын мэдлийн хүрээнд бондын мөнгө эргэлдэж, улмаар хэдэн замын уулзвар, гудамжны цэцэг навч, урт насгүй замын ажилд нэлээд хувийг зар- цуулсан. Нэгэнт өнгөрсөн асуудал ч гэсэн үүнийг чимээгүй орхиж боломгүй санагдана. Харин цаашид дахин гаднаас зээл авч, өрийн босгоо нэмэх эсэх нь шинээр байгуулагдах хамтарсан Засгийн газрын шийдэх асуудал. Одоо гагцхүү бүтэц бүрэлдэхүүнээ тодорхой болгож, УИХ-аар бат- луулах л үлдлээ. Харин ажлаа удахгүй хүлээн авах эрхмүүдийг таатай нөхцөл байдал угтахгүй нь т одорхой. Элгээрээ хэвтсэн эдийн засгаа богино хугацаанд хэрхэн босгох вэ гэдэг л хамгийн чухал. Тиймээс сонгогдсон нэгий гээ үгүйсгээд, цаг хугацаа бүү алдаасай л гэж хүсье. 

М.НАРАНБОЛД