ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ч.Зоригтыг төрийн тамгыг авч зугтаасан хэмээн Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид цагдаа болон хууль хүчний байгууллагуудад хандаад байна.

Өчигдөр буюу өнгөрсөн баасан гаригт Налайх дүүргийн ИТХ-ын 11 дүгээр чуулган болж, үүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн олонхийн саналаар огцруулах шийдвэр гаргасан юм.

Гэтэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ч.Зоригт нь ИТХ-ын тамгыг авч явсанаар Засаг даргыг огцруулах тогтоол хүчин төгөлдөр болж чадахгүй байгаа аж. “Энэ нь хуулийг, олонхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн нэг хүний эрх ашгийг нийтийн эрх ашгаас дээгүүрт тавьсан зохисгүй хэрэг” гэж тус дүүргийн ИТХ-ийн төлөөлөгчид үзэж байна.

Ч.Зоригт нь ИТХ-ын төлөөлөгч ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга хийж байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгааг Төрийн албаны зөвлөлөөс тогтоон өнгөрөгч тавдугаар сард Ч.Зоригтыг ажлаас чөлөөлж өгөхийг шаардсан албан тоотыг НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн засаг дарга Э.Бат Үүл болон Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Ё.Гэрэлчулуун нарт хүргүүлсэн байна. Гэвч Ч.Зоригт нь одоог хүртэл ажлаа өгөлгүй хууль бусаар ажилласаар байгаа аж.

Налайх дүүрэгт хуулиас дээгүүр авирлаж, хууль бус үйлдэл гаргаж байгаа асуудлыг өнөөдрөөр таслан зогсоох цаг нь болсон гэдгийг орон нутгийнхан хэлж байна.