Жил бүрийн Улсын төсвийг батлах гэж халтуурддаг болсон гэх. Ирэх оны төсөвт таналт хийх нээ. Тодруулбал, Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа орлого, зарлагыг тус бүр 1 их наяд төгрөгөөр танаж, хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Нэгдүгээрт: Хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт хүргэхээр болжээ. 2013 оноос эхэлж 0-18 хүртэлх насны хүүхдэд сар тутамд 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Гэвч ирэх оноос зөвхөн зорилтот өрхийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгож байх саналыг Засгийн газар гаргалаа. Энэхүү санал дээр зарим гишүүд хүүхдийг алагчилж болохгүй. 20 мянган төгрөгөөс хэмнэлт хийх гэж байхаар оронд нь дэд сайд нараа цомхотго, гадаад, дотоод руу зугаалдаг зардлаа танахыг зөвлөсөн. Гэвч тэдний энэ саналыг хэсэг бүлэг нөхөд хүлээж авсангүй ээ.

Хүний хөгжил сангаас энэ оны эхний 11 сард 990.5 мянган хүүхдэд 218.2 тэрбум төгрөг олгожээ.

Хоёрдугаарт, Төрийн албанд ажиллагсдыг тэтгэвэртээ гарахад нь салбараас нь хамааруулаад 12-36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаагийн тэтгэлэг болгон олгодог билээ. Харин ирэх жилээс эхлэн  тэтгэвэртээ суух төрийн албан хаагчдад салбарыг нь үл харгалзан дээрх тэтгэлгийг 12 сараар тооцон тэгшитгэж олгох саналыг мөн гаргав. Ингэхгүй бол 100 орчим тэрбум төгрөгийг зөвхөн тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэлэг хэлбэрээр олгох болж байгаа нь нөгөө талдаа  дахиад төр иргэдээ ялгаварлан гадуурхаж байна гэх шүүмжлэлийг дагууллаа. 

Гуравдугаарт, Малчид татвар төлнө  Улсын хэмжээнд энэ жил 50 сая гаруй толгой мал өвөлжиж байгаа аж. Хэрвээ малын толгой бүрт 500 төгрөгийн татвар ногдуулъя гэж тооцвол жилдээ 250 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой гэнэ. 2010 онд малын хөлийн татвар бий болгох асуудал хөндөгдөж байсан ч эцэстээ малын ноос, ноолуураа үндэсний үйлдвэртээ тушаасан малчдад урамшуулал олгохоор шийдвэрлэж, УИХ-аас тогтоол батлан жил тутамд 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгадаг болсон.

Дөрөвдүгээрт, Төсвийн үргүй зардлыг бууруулахын тулд онцгой, цагдаа, гааль, цэргийнхнээс бусдын дүрэмт хувцсанд зориулж хөрөнгө мөнгө төсөвлөхгүй байхаар шийдлээ. Тухайлбал, нийгмийн даатгал, татварынхан зэрэг байгууллагууд дүрэмт хувцасны нормгүй болно гэсэн үг. Харин төрийн данхгар бүтцийг багасгах чиглэлийг УИХ-аас өгснөөр 11 мянга орчим төрийн албан хаагчийг цомхотгох шаардлагатай болсон ч ажилгүйдлийн тэтгэмжид нь 38 тэрбум төгрөг олгох шаардлагатай болжээ. Эл асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Цомхотгүй байх нь зүйтэй” гэсэн нэгдсэн шийдвэрт хүрсэн юм.

Тавдугаарт, Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны зардалд олгодог мөнгийг хасахгүй энэ оны төвшинд барихаар шийджээ. Гэхдээ хоолны чанар, хүртээмжийг сайжруулах шаардлага байгаа тул 50 хувийнх нь мөнгийг эцэг, эхчүүдээс нэмж авах санал гаргалаа.

Зургаадугаарт, Одонгийн мөнгийг ээжүүдэд олгохдоо хүүхэд нь 0-18 хүртэлх насных байхаар хязгаарлаж өгнө. Ингэхгүй бол одонтой ээжийн хүүхдүүд нь нас бие гүйцэж өвөө, эмээ болсон атал жил тутамд нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр 100.000-200.000 төгрөг авдаг буруу тогтолцоо үйлчилсээр байна хэмээн үзлээ.