Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан. Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шинэ оны ажлын эхний өдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 5-нд эхэлнэ. Энэ талаар Засгийн газраас байгуулсан “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Таван толгойн хэлэлцээр эхэллээ" гэдэг бол манай улсаас гаднын хөрөнгө оруулагчид, дэлхийн зах зээлд хүргэж буй зөв, сайн мэссэж гэв.

Уг хэлэлцээрт талууд “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтжээ. Дэлхийн том төслүүдэд ийм стратеги барьж ажилладаг бөгөөд үүнд хэлэлцээр итгэлцэлд суурилах, санаа зовж буй бүх асуудлаа ярилцах, эдгээр асуудалд хамтарсан шийдвэр олохын төлөө бүтээлч санаачилгатай ажиллах зэрэг зарчим багтдаг аж. Том хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд улстөржилт, хардлага байнга дагадаг. Иймд төслийн явц, хэлэлцээрийн талаарх мэдээллийг ил тод байлгах нь чухал гэж ажлын хэсэг үзсэн байна. 

Тиймээс Таван толгой төслийн талаарх мэдээллийг цаг тухайд нь http://megaproject.mn/ сайтад байрлуулахаар болжээ. 

Энэ үеэр М.Энхсайхан сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө. 

-Хөрөнгө оруулагчаар шалгарсан компани ямар ямар санал тавьсан бэ?

-2010 онд зарлаж эхэлсэн шалгаруулалтын дүн дөрвөн жилийн дараа гарлаа. Монгол, Хятад, Япон гэсэн гурван талын оролцоотой компани хөрөнгө оруулагчаар шалгарсан нь Таван толгой төслийн үнэ цэнийг өсгөж байна. Маш том үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт хийнэ. Энэ чиглэлд дэлхийд танигдсан компаниуд түншлэл болж уралдаант шалгаруулалтад орж ирсэн. Таван толгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж барих, 2,5 жилд нүүрсний орд газарт 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих санал өгснөөс гадна “Чалко”-гийн өрийг шийдвэрлэхэд оролцохоо илэрхийлсэн. “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компанийн ажилтан, ажилчдыг Таван толгой төсөлд ажиллуулах, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэсэн. Эдгээр нь Засгийн газраас тавьсан шаардлагуудыг хангасан гэж ажлын хэсэг үзсэн.

-"Эрдэнэс Тавантолгой" компанид "Чалко"-д өр төлөхөөс гадна дотоодын зах зээлээс авсан өөр өр зээлүүд байгаа. Энэ өр зээл хэрхэн шийдэгдэх вэ?

-"Эрдэнэс Тавантолгой"-д олон өр бий. Бид Тавантолгой гэдэг нүүрсний ордыг ашиглах тухай ярьж байгаа болохоос аж ахуйн нэгжийн өөр үйл ажиллагаатай хамаатай өрийг хөрөнгө оруулагчидад шууд үүрүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ хэрвээ яг энэ ордыг ашиглахтай холбоотой, хөрөнгө оруулагч зайлшгүй зөвшөөрөх шаардлагатай зардал байгаа бол бид үүнийг хөрөнгө оруулагчидтайгаа ярьж шийдвэрлэх арга замыг олох ёстой. Энэ бүхэн хэлэлцээрийн ширээний ард шийдэгдэх ёстой асуудал.

 -Хувьцааг яаж шийдэх вэ? 

-Олон нийтэд тараасан 1072 ширхэг хувьцаа бол Засгийн газрын асуудал. Яагаад гэвэл Тавантолгойн орд Монгол Улсын төрийн өмч. Үүнээс Монголын ард түмэн хувьцаалаад эзэмших эрхтэй болсон. Энэ бол зайлшгүй хэрэгжинэ. Чухам ямар зарчмаар, ямар үнийн дүнтэй байх эсэх нь хэлэлцээрийн явцад шийднэ. Шийдье гэдэг дээр бид тохирсон байгаа.

-Дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтын 51 хувийг "Энержи Ресурс" гаргах юм уу?

-Мега төслийн санхүүжилтийн орчин өөр байдаг. Санхүүжилт нь томоохон банк, санхүүгийн байгууллагаас зээл авч хийгддэг. Энэ тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ганцаараа санхүүжүүлдэг нэг ч улс, компани байхгүй. Тиймээс эцсийн санхүүжилт хэрхэн хийгдэх, үүргээ дотроо яаж хувиарлах вэ гэдэг нь хэлэлцээрийн явцад тодорно.

-Цаашдаа гурван хөрөнгө оруулагч Тавантолгойн ордод баяжуулах үйлдвэр барих, төмөр зам тавих, нүүрс тээвэрлэх, борлуулна гэлээ энэ тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийн үүрэг оролцоо энэ төсөлд ямар байр суурьтай байх уу?

-“Эрдэнэс Оюутолгой” шиг төрийг төлөөлөөд үйл ажиллагааны гадна байх уу. Эсвэл тодорхой хэмжээнд оролцоотой байж, уурхай дээр үйл ажиллагаа явуулах уу?

-Тавантолгой бол төрийн өмчид хэвээрээ үлдэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр “Эрдэнэс Тавантолгой” бол Тавантолгойн ордын лиценз эзэмшигч гэсэн үг. Энэ эзэмшил хэвээрээ үлдэнэ. “Эрдэнэс Тавантолгой”-н боловсон хүчин манай нүүрсний салбарт олон бэлтгэгдсэн. Мэдээж энэ том төсөлд дайчлагдах байх. Хэрхэн, яаж дайчлагдах вэ гэдэг дээр дахиад л хэлэлцээний асуудал. “Эрдэнэс Тавантолгой” компани төрийн нэрийн өмнөөс лицензийг барьж байгаагийн хувьд оператороор ажиллаж байгаа консорциум бидэнд төлбөр төлнө. Тэр төлбөр нь одоогоор яригдаж байгаагаар бол ашигт малтмалын роялти төлбөрийн 40 хувь гэж байгаа. Энэ хэмжээгээр төлбөр төлөхөд бэлэн байна гэдгийг консорциумын зүгээс мэдэгдэж байгаа. Хэлэлцээрийн ширээний ард эцэслэн шийднэ.

-Хөрөнгө оруулалтыг босгоход банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авна гэж байна. Энэ тохиолдолд банкны барьцаа юу байх вэ?

 -Гэрээнд бидний маш тодорхой, ойлгомжтой зааж өгөх зүйл бол “Төрийн өмч барьцаалагдахгүй. Лиценз барьцаалагдахгүй” гэж байгаа юм. Ийм маш тодорхой зүйл заагдах учраас тухайн үед банк нь өөрөө зээл өгөх үү, үгүй юу гэдгээ шийдэх байх.

-Санхүүжилт орж ирэхдээ Монголын банк санхүүгийн байгууллагуудаар дамжих уу?

Оюутолгойн хөрөнгө оруулалт гадаадын дансад байрших заалт гэрээнд орсноос болоод одоо хүртэл гадагшаа экспортлож байгаа бүтээгдэхүүний мөнгө орж ирэхгүй байгаа гэсэн асуудал бий.

-Хэлэлцээр хийхдээ үүн дээр анхаарах уу?

-Том төсөл хэрэгжүүлж байгаа энэ нөхцөлд бид бизнесийн нэг хэлтэй байх ёстой. Бизнессийн нэг хэлтэй болж чадаагүй учраас бие биенээ харддаг. Манай улс бизнесийн нэг хэлтэй болох асуудал чухал болоод байна. Өөрөөр хэлбэл, олон улсын нягтлан бодох стандарт гэж бий. Оюутолгой дээр энэ стандартыг хэрэглэдэг. Олон орон том төслийг хэрэгжүүлэх, том хөрөнгө оруулагчидыг татахын тулд үндэснийхээ нягтлан бодох стандартыг олон улсынх руу шилжүүлдэг. Түүндээ асар их бэлтгэл хийж байгаад шилждэг. Бизнесийн хэл нь олон улсын түвшинд байвал мөнгө хаана байрлаж, юунд зарцуулагдаж байна вэ гэдэг нь тодорхой болдог.