Монгол залуус бүлэглэн Хятад иргэдийн амийг хөнөөж, мөнгийг нь дээрэмдсэн ноцтой хэрэг саяхан гарчээ.

Хэргийг тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн утсанд Баянгол дүүргийн II хорооны нутагт айлын байранд хоёр хүн амиа алдсан байна гэх мэдээлэл 2015 оны нэг дүгээр 11-ний 23.30 цагийн үед иржээ. Энэхүү мэдээллийн дагуу ЦЕГ-ын даргын тушаалаар Ажлын хэсэг томилогдон хэргийн газарт очиход тус байрыг түрээслэгч хоёр эрэгтэй гаднын нөлөөтэй амиа алдсан байжээ. Ингээд нарийвчилсан үзлэг явуулж, байрны болон гудамжны хяналтын камерууд, бусад нотлох баримтыг нягталснаар хэрэг гарахаас өмнө дээрх тоот руу 4-5 залуу орсон, удалгүй цүнх барьсаар гарч, “Приус” маркийн автомашинд сууж яваа нь бичигдэн үлдсэн байжээ. Үүний дагуу шалгахад уг машин нь Энхтайвны өргөн чөлөөний замаар Таваншар чиглэлд явж байгаа дүрс үлдсэн байж.

Амиа алдсан этгээдүүд арьс түүхий эдийн ченж хийдэг хятад иргэд байсан агаад гэмт этгээдүүд хохирогчдын гэрээс 210 сая төгрөгийг дээрэмдсэн байжээ.

Гэмт этгээд хэрэг хийснийхээ маргааш буюу энэ сарын 12-ны өглөө Дархан- Уул аймгаас баривчилсан байна. Тэд тавуулаа байсан бөгөөд ний хоёр нь ах дүү, нөгөө гурав нь найзууд байсан гэнэ.  Ийнхүү цагдаагийн байгууллагынхан шуурхай ажиллаж, хүн амины хэрэг үйлдсэн этгээдүүдийг хилээр гарч зугтах, дахин гэмт хэрэг үйлдэхээс өмнө, богино хугацаанд олж саатуулсан байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.