Арилжааны банкууд банк хоорондын гүйлгээ ний зардлаа нэмсэн талаарх мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тодруулбал, ХААН, Худалдаа хөгжил, Хас, Голомт зэрэг банкны банк хоорондын мөнгөн гүйлгээний шимтгэл 500 төгрөг байсан.

Гэтэл 2000-5000 төгрөг болж нэмэгдсэн талаар мэдээлэх болсон. Өдрийн 16.00 цагаас өмнө банк хооронд бэлнээр хийсэн мөнгөн гүйлгээний шимтгэл 2000 төгрөг, 16.00 цагаас хойш 5000 төгрөг болж, интернэт банкны шимтгэл мөн нэмэгджээ. Ийнхүү шимтгэлээ нэмсэн шалтгаанаа зарим арилжааны банк “Энэ оны нэгдүгээр сарын 5-наас шимтгэлийн шинэ горимд шилжсэн учир банк хоорондын бэлэн мөнгөний гүйлгээний шимтгэлийг нэмсэн. Жил гаруйн өмнөөс шимтгэлийн шинэ горимд шилжсэн” хэмээн тайлбарлажээ. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хэмнэлтийн горимд шилжиж буй энэ үед арилжааны банкууд ийнхүү банк хооронд хийсэн бэлэн мөнгөний шимтгэлээ гэнэт нэмсэнд бухимдах хүн цөөнгүй байна. Энэ талаар Монголбанк, арилжааны банкууд болон иргэд ямар байр суурьтай байгааг сонирхов. 
 

Гүйлгээний шимтгэлээ нэмэхийг банкны дотоод журмаар зохицуулдаг 
 

Арилжааны банкууд банк хоорондын шимтгэлээ хэд дахин нэмсэн нь иргэдийг бухимдалд хүргэж байна. Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд хоорондоо бэлнээр хийсэн гүйлгээний шимтгэл авдаг. Үүнийг хүн бүр мэднэ. Хэрэв арилжааны банкууд дээрх шимтгэлийн мөнгөө нэмсэн бол тэр нь тухайн банкны дотоод дүрэм, журмаар зохицуулагдсан зүйл. Үүнд Монголбанкны зүгээс ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй. Нэг үгээр хэлбэл, банк хоорондын бэлнээр хийсэн гүйлгээний шимтгэлээ нэмэх эсэх нь тухай банкны эрх. Энэ талаар манайд ямар нэгэн мэдээлэл ирээгүй” хэмээн тус банкны Олон нийттэй харилцах хэлтсийнхэн мэдэгдэв. 
 

Шимтгэлээ нэмээгүй хэвийн үйлчилж байна 
 

Монгол Улсад арилжааны 17 банк үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс иргэд хамгийн их үйлчлүүлдэг нь ХААН, Хас, Худалдаа хөгжил, Голомт, Төрийн банк аж. Дээрх мэдээллийн талаар Спортын төв ордны хажууд байрлах ХААН банкны мэдээллийн ажилтан Х.Айданаас тодруулав. Тэрбээр “Манайх банк хоорондын бэлнээр хийсэн гүйлгээний шимтгэлээ нэмээгүй. Өмнөхтэйгөө адил 300 төгрөгийн шимтгэлээ аваад иргэдэд үйлчилж байна. Ер нь банк хоорондын бэлнээр хийсэн гүйлгээ тэр даруйдаа ордог болсон. Тийм болохоор өнөөдрийн байдлаар нэмсэн зүйл байхгүй” гэв. Харин Төрийн банкны хэрэглэгчид үйлчлэх ажилтан “Бэлнээр хийсэн тохиолдолд 300, интернэт банкиар 500 төгрөгийн шимтгэл авдаг. Банк хооронд хийсэн гүйлгээний шимтгэлээ нэмээгүй” гэж тайлбарлалаа. Хас банк ч банк хоорондын шимтгэлийн мөнгөө нэмээгүй гэдгээ хэлсэн юм. Мөнгөн дүнгээс хамаарч 2000 төгрөгөөс дээш шимтгэл төлнө Худалдаа хөгжлийн банк “Бэлнээр шилжүүлж буй мөнгөн дүнгийн хэмжээнээс хамаарч 500-1000 төгрөгийн шимтгэл авдаг. Мөн банк хоорондын бэлнээр шилжүүлэх гүйгээний шимтгэлээ нэмээгүй. Өмнө нь ч энэ тарифаар иргэдэд үйлчилж байсан” гэв. Харин Голомт банкны мэдээллийн ажилтнаас тодруулахад, “Бэлнээр хийсэн шимтгэлийн мөнгө нэмэгдээгүй. Банк хоорондын бэлнээр хийсэн гүйлгээний шимтгэл хувь хүн 2000 төгрөг. Энэ нь 08.00-18.00 цагийн хооронд. Аж ахуйн нэгж болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг төрийн байгууллагын хувьд мөнгөн дүнгээс хамаарч 2000-аас дээш шимтгэл төлдөг. Интернэт банк ашигласан тохиолдолд 300 төгрөгийн шимтгэл авч байна” хэмээв. Энэ талаар иргэдийн байр суурийг сонссон юм. 
 

 

Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Норсоо: 
 

Яарсан үед ойролцоох банкиар үйлчлүүлэх хүн олон бий 
 

-Одоохондоо энэ талаар мэдсэн зүйл байхгүй байна. Хэрэв үнэхээр нэмсэн бол иргэдэд цаг зав болон эдийн засийн хувьд ч хүндрэлтэй. Учир нь яарч, сандарсан үед ойролцоох банкиар үйлчлүүлэх хүн олон бий. Хаанахыг ямар газрын зохицуулалтаар ийм шийдвэр гарсан юм бол. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед үнэхээр ийм шийдвэр гарсан бол буруу л гэж бодож байна. 
 

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Золбоо: 

 

Интернэт банкны шимтгэл хэвээрээ байна

 -Банк хоорондын бэлнээр хийсэн гүйлгээний шимтгэл нэмсэн талаар одоохондоо мэдээлэлгүй байна. Ойрд мөнгө шилжүүлээгүй. Харин интернэт банкны шимтгэл хэвээрээ байсан. Дөчин минутын өмнө интернэт банкаа ашиглахад 300 төгрөгийн шимтгэл авсан. Хэрэв банк хоорондын бэлнээр хийсэн гүйлгээний шимтгэл нэмбэл иргэдэд эдийн засгийн хувь хүндрэлтэй байна. 
 

Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Бямбасүрэн: 
 

500 төгрөг боломжийн үнэ, нэмэх шаардлагагүй 
 

-Нэмсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Тав хоногийн өмнө ХААН банк 300 төгрөгийн шимтгэл авч байсан. Бусад арилжааны банкиуд 500 төгрөг авдаг. Энэ нь боломжийн үнэ, нэмэх шаардлагагүй байх. Нэмэгдвэл иргэд бидэнд санхүүгийн хувьд хэцүү байна. Хүүхдүүд интернэт банк ашигладаг нэмсэн талаар юм яриагүй. 
 

Д.НЭРГҮЙ