Энэ сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Бугат суманд найман хүн мөнгөн усанд хорджээ. Тэд өдгөө эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Мөнгөн усыг гэрийн нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болжээ. 

 Гэрийн нөхцөлд мөнгөн усыг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол нь таны болон танай гэр бүлийнхэн, эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд ЭМЯ-наас ард иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж, мөнгөн усны хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс зөвлөмж гаргасан байна. Үүнд:

1. Мөнгө усанд өртсөн, мөнгөн ус асгарсан тохиолдолд холбогдох мэргэжлийн хүмүүсийг иртэл дараах арга хэмжээг авсан байх:

- Орон нутгийнхаа Онцгой байдлын газарт даруй мэдэгдэнэ.

- Тухайн өрөөнд ажиллаж байгаа агааржуулагч, сэнсийг унтрааж, мөнгөн ус асгарсан газрыг даруй орхиж гарна.

- Тухайн газарт гаднаас хүн нэвтрэн орохыг хориглоно.

- Мөнгөн усны уур өрөөнөөс гадагш алдахаас сэргийлж, хаалганы завсарыг даавуугаар чигжинэ.

- Тухайн мөнгөн усанд өртсөн газарт байгаа цахилгаан хэрэгслийг өрөөнөөс зөөж гаргаж болохгүй.

- Мөнгөн ус гутал хувцсан дээр хүрэлцсэн бол тэдгээрийг тайлж, гялгар уутанд хийн, амыг нь битүүмжилж өрөөнөөс гарган салхины дор тавьж, мэргэжлийн хүмүүст хүлээлгэж өгнө.

- Мөнгөн ус арьсанд хүрсэн бол нэн даруй бүлээн устай шүршүүрт орох, үсэнд сул шүлтлэг савангаар угаана.

- Мөнгөн ус нүдэнд орвол цэвэр усаар 10-15 минут сайтар зайлна.

- Мөнгөн ус залгисан тохиолдолд их хэмжээний шингэн зүйл ууна.

- Асгарсан мөнгөн усыг ахуйн зориулалтаар хэрэглэдэг тоос сорогчоор соруулж болохгүй.

2. Та болон танай хөрш айл, албан байгууллага мөнгөн устай ажиллаж буй сэжигтэй тохиолдол илэрвэл орон нутгийнхаа Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

-Мөнгөн уснаас үүдэлтэй хор уршиг-

Өнгөрсөн жилүүдэд мөнгөн уснаас болж нэг сумын иргэд, мал нь хүртэл хордож тухайн үед Ерөнхий сайдын албыг хашиж байсан эрхэм уучлалт гуйж байсан баримт бий. 

-2007 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын цэвэрлэх байгууламжийн уснаас уусан хоёр үхэр, нэг хонь үхсэн. Тэнд монгол, хятад иргэд цианит натри, мөнгөн ус ашиглан алт ялгаж байсныг тогтоож, Хонгорынхон сумаараа хордож байсан билээ.

-10 аймгийн 120 гаруй газар, хэдэн арван худаг мөнгөн ус, цианитаар бохирдсоныг тогтоон, ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Байгаль орчны хөтөлбөр, Япон, Швейцарийн Засгийн газрын шинжээчдээс бүрдсэн олон улсын баг Монголд ирж ажилласан. ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Борнуур, Жаргалант, Баянхонгорын Баян-Овоо, Өмнөговьд долоон удаа судалгаа хийж, 358 хүний цус, үс, шээсийг шинжлэхэд 21.5 хувь нь хоёрдугаар, таван хувь нь гуравдугаар зэргийн хордлоготой байв. Үүнийг түгшүүр төрүүлэх хэмжээ гэж үзсэн удаатай.

-2013 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн III хорооны нутаг Сансарын тунелийн ойролцоох 51 дүгээр байрны орцонд мөнгөн ус асгарсан байхыг жижүүр олов. Түүнийг соруулж, орцны агаарыг хэмжихэд зургаа, долдугаар давхрын хогийн бункер орчимд 0.03 мг/ м3 буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин, шатны хонгилын хэсэгт 2-3 дахин их мөнгөн ус илэрсэн.