Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.12/ хуралдаан 10 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж 4 асуудал хэлэлцэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон тус яамны ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.

Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2014 оны 4-р сарын 30-ны өдөр өргөн барьсныг Төсвийн байнгын хороо өнгөрсөн 1-р сарын хуралдаанаараа хэлэлцэх явцад өрийн таазыг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор зарим саналыг нэмж тусгахаар Засгийн газар татаж аваад байсан билээ.

Өнөөгийн манай эдийн засагт өрийн зохистой түвшинг хангах замаар арилжааны нөхцөлтэй зээллэгийн эргэн төлөлтөөс үүсэх  төлбөрийн дарамтыг бага байлгах, төсөв, санхүүгийн урт хугацааны тэнцвэрт байдлыг хадгалахын тулд өрийн удирдлагын бодлого, стратеги, түүнд нийцсэн өрийн үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулж батлуулах талаарх хууль эрх зүйн орчныг бий болгох, гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг тодорхой хэмжээнд дэмжихийн зэрэгцээ, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдгээрийн зохимжит түвшин, харьцааг хадгалах замаар улс орноо хөгжүүлэх зэрэг шаардлагууд тулгамдаад байгаа юм.

Хууль зүйн үндэслэл, практик шаардлагад тулгуурлан Өрийн удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн суурь нөхцөл, тулгамдаж буй асуудлыг судлан тодорхойлж, олон улсын байгууллагын зөвлөмж, бусад улс орны өрийн удирдлагад баримталдаг зарчим, хөгжлийн туршлага, хууль зүйн орчныг харьцуулан судлах замаар өр үүсгэхээс эргэн төлөх, түүнд хяналт тавих хүртэлх Монгол Улсын онцлогт тохирсон хууль, эрх зүйн нэгдсэн бодлого зохицуулалтыг бий болгох зорилго тавин ажиллажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх уг төслийг дэмжсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь 2015 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байв.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул тус байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй 10 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үүний дараа Төсвийн зарлагын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Төсвийн зарлагын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ч. Хүрэлбаатарыг дэвшүүлснийг МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа танилцууллаа. Нэр дэвшигчийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны Төсвийн хяналтын дэд хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 90.9 хувь дэмжив.

Хуралдааны төгсгөлд тус байнгын хороонд хөрөнгийн зах зээлийн талаар санал, гомдлууд ихээр ирэх болсонтой холбогдуулан Хөрөнгийн зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлын тодруулж, шалгахаар ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарыг томилллоо