Өчигдөр  Төсвийн байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Тодруулбал Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн хэлэлцэх эсэхийг Төсвийн байнгын хороо шийдвэрлэлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон тус яамны ажлын хэсгийн гишүүд оролцсон юм. Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2014 оны 4-р сарын 30-ны өдөр өргөн барьсныг Төсвийн байнгын хороо өнгөрсөн 1-р сарын хуралдаанаараа хэлэлцэх явцад өрийн таазыг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор зарим саналыг нэмж тусгахаар Засгийн газар татаж аваад байсан билээ.

Өнөөгийн манай эдийн засагт өрийн зохистой түвшинг хангах замаар арилжааны нөхцөлтэй зээллэгийн эргэн төлөлтөөс үүсэх  төлбөрийн дарамтыг бага байлгах, төсөв, санхүүгийн урт хугацааны тэнцвэрт байдлыг хадгалахын тулд өрийн удирдлагын бодлого, стратеги, түүнд нийцсэн өрийн үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулж батлуулах талаарх хууль эрх зүйн орчныг бий болгох, гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг тодорхой хэмжээнд дэмжихийн зэрэгцээ, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эдгээрийн зохимжит түвшин, харьцааг хадгалах замаар улс орноо хөгжүүлэх зэрэг шаардлагууд тулгамдаад байгаа юм.

Хууль зүйн үндэслэл, практик шаардлагад тулгуурлан Өрийн удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн суурь нөхцөл, тулгамдаж буй асуудлыг судлан тодорхойлж, олон улсын байгууллагын зөвлөмж, бусад улс орны өрийн удирдлагад баримталдаг зарчим, хөгжлийн туршлага, хууль зүйн орчныг харьцуулан судлах замаар өр үүсгэхээс эргэн төлөх, түүнд хяналт тавих хүртэлх Монгол Улсын онцлогт тохирсон хууль, эрх зүйн нэгдсэн бодлого зохицуулалтыг бий болгох зорилго тавин ажиллажээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлсэн.  Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Засгийн газраас өрийн удирдлагын бодлого, өрийн зохистой түвшинг хангах, дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын зээллэг хийх замаар өр үүсгэх, дамжуулан зээлдүүлэх, Засгийн газрын өрийн баталгаа гаргах, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж хууль, тогтоолын төслүүдийг боловсруулсан байна.

Төсвийн байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдээс санал гараагүй хэмээн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, аймаг, нийслэлийн өр, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өр Засгийн газрын өрөнд орж тооцогдох уу хэмээн лавласан. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр аймаг, нийслэлийн өр Засгийн газрын өрийн хэмжээнл орж тооцогдох юм байна. Харин төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр Засгийн газрын өрөнд тооцогдохгүй ажээ.

УИХ-ын гишүүд өрийн шалгуур үзүүлэлтийг яаж авч үзсэн, өрийн дарамтыг хэрхэн ойлгох, өр төлөх систем, Засгийн газрын баталгаа гаргах ямар зохицуулалтууд байгаа, хувийн компанид Засгийн газрын баталгаа гаргаж буй эсэх, Засгийн газрын гаргасан баталгааний хэмжээний талаар Сангийн сайдаас асууж тодруулсан.

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хариулснаар, Засгийн газрын өрийн хэмжээнд Засгийн газрын 2.8 их наяд төгрөгийн баталгаа багтаж байгаа аж. Гэхдээ хувийн компанид Засгийн газрын баталгаа гаргаагүй бөгөөд дээрх баталгаа төрийн өмчит компаниудад л хамаатай юм байна. Засгийн газрын баталгааг дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуулийн төсөлд тусгасан бөгөөд одоогийн байдлаар Засгийн газрын баталгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэж байгаа ажээ. Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.9 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.