Улс төрийн намын тухай хуулийн 18-р зүйлд намдаа зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ нь хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын байгууллагад нэг жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно хэмээн заажээ.


Харин нам ингэж хандив өгснийх нь төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийн хориглоно гэж тодорхой заасан байдаг юм байна. Гэтэл албан ёсоор баталгаажиж иргэдийн нүдэнд харагдаагүй ч улс төрийн орчинд сонгуулийн үеэр яригддаг сэдвийн нэг нь намдаа санхүүжилт өгөх явдал байдаг гэнэ.


Тиймдээ ч намдаа нэг гишүүн 10 саяас дээш төгрөг хандивласан бол нэр дэвших эрх нь үүсэж цаашлаад албан тушаал, эрх мэдэл горилох боломжтой болно гэсэн явган яриа хүртэл байдаг аа. Одоогийн болон өмнөх УИХ дахь намдаа их хэмжээний хандив өгч гишүүн болсон цөөнгүй хүмүүс байдаг гэсэн яриа ч бий.


Энэ санхүүжилтийн цаана бохир улс төр, авлига, хээл хахууль, ашиг сонирхлын томоохон зөрчил нуугдаж байдаг учир эл тод байлгах шаардлагатай гэж үзэх хүмүүс олон байна. Нээлттэй нийгэм форумын захиалгаар иргэдийн дунд нэгэн судалгаа явуулсан байна. Судалгаанд оролцсон иргэд намуудын сонгуулийн бус үеийн санхүүжилтийг үзээгүй гэж 91 хувь, сонгуулийн үеийн санхүүжилтийг үзээгүй гэж 89 хувь, дээрх санхүүжилтийг үзсэн хэмээн 3-5 хувь нь хариулжээ.


Энэ талаар Эрүүл мэнд спортын сайд Шийлэгдамба “УИХ-д суудалтай намуудын хувьд суудалд хувиарласан санхүүжилт авч байгаа. Үүнд хандив, гишүүдийн татвар гэсэн хуулиар зөвшөөрөгдсөн санхүүжилтээ авдаг. Бодит байдал дээр хандив гэдгийн цаана тодорхой албан тушаалуудад хандив нэрээр авлига улс төрийн намуудад өгч улс төрийн шийдвэр гаргах түвшинд очиж байж магадгүй юм” гэлээ.


УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Улс төрийн намуудын тухай хуулинд тодорхой өөрчлөлт орох юм бол энэ санхүүжилтийн талаар өөр заалтууд орох байх гэж бодож байна. Хаанаас их үүсвэртэй нь мэдэгдэхгүй хөрөнгө зардаг. Санхүүжилт нь эл тод бус байгаад ард иргэд маань эргэлзэж, саналаа хэлж байгаа. Тиймээс үүнийг эл тод байлгахын тулд санхүүжилтийг тодорхой болгох нь зүйтэй юм” хэмээлээ. 
Уг нь улс төрийн намын тухай хуулийн 18.4–р хэсэгт нам хандивынхаа талаар нийтэд мэдээлэх ёстой гэж заасан байдаг юм байна. Иргэдийн дунд намдаа хандив өгөгсдийн нэрсийг эл тод болгох ёстой юу гэсэн асуултад судалгаанд оролцсон иргэдийн 55 хувь бүгдийг нь, 24,1 хувь нь хамгийн их хандив өгснийг нь, 14,9 хувь сая төгрөгөөс дээш хандив өгснийг нь, 2,5 хувь нь нийтэд мэдээлэх шаардлагагүй гэсэн байна. 

Г.Мягмарсүх