“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас шалгаж, цагдан хориод байна. Түүнийг саатуулсан даруйдаа сэжигтнээр тооцож, хорих хугацааг 14 хоногоор сунгаад байгаа юм. Я.Батсуурийг шалгах болсон  үндэслэл нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ын даргаар ажиллаж байсан, ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд сууж байсан Г.Дэнзэнгийн хэрэгтээ холбоотой.

Г.Дэнзэн нь өөрийн эзэмшлийн гэгдэх “Говь повер” компанид эвлэрлийн  гэрээний дагуу шилжүүлсэн 4.65 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт шалгагдаж байсан юм.

Г.Дэнзэн нь гэр бүлийнхээ хамтаар гадаад руу явсан болох нь тодорхой болжээ. Хэдийгээр Г.Дэнзэнг хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгээгүй байсан аж. Мөн улсын хилээр гаргахгүй байх шийдвэр ч гараагүй байсан юм байна. Тиймээс Г.Дэнзэнгийн хилээр гарах нээлттэй байсан учраас ийнхүү гэр бүлийн хамтаар хил нэвтрээд байгаа аж.