Өнгөрсөн сарын 15-наас манай улсын нийтийн тээврийн үйлчилгээнд эрс өөрчлөлт гарсан. Тодруулбал, нийслэлийн иргэд автобус, троллейбусаар үйлчлүүлэхдээ смарт карт уншуулж зорчдог болсон.

Энэ нь нэг талаар нийтийн тээврийн үйлчилгээ ухаалаг болж, хөгжиж байгаа хэдий ч нэлээд хүнийг ажилгүй болгоод байна. Уг үйлчилгээг Монголд хэрэгжүүлж буй“Улаанбаатар смарт карт” компанийнхан анх“Мөнгө хураагчид ажилгүй болно гэж санаа зоволтгүй. Тэднийг тусгай сургалтад суулгаж, тодорхой мэргэжлийг эзэмшүүлэн ажлын байраар хангана” хэмээж байв. Гэтэл одоо мөнгө хураагчид хаана явна вэ. Тэднийг анхаарч, тоож байгаа хүн байна уу. Өмнө нь автобус бүр нэг мөнгө хураагчтай байсан гэж тооцвол 1000 гаруй хүн хаана, юу хийж яваа бол.

Саяхан Зурагтын буудлын ойролцоо“Жэй моторс” сургалтын төвийн гаднах шатан дээр хуучнаар“Зүүн салаа-9” чиглэлийн шар автобусны мөнгө хураагч байсан эгч “Шуурхай зар” сонин уншаад сууж байхтай таарав. Бодвол ажил хайж байсан болов уу. Түүнчлэн нийтийн тээвэр ухаалаг системд шилжихээр болсон тухай зарлаж байхад мөнгө хураагчдыг цахим карт борлуулах цэгт ажиллуулна гэх яриа гарч байлаа. Гэхдээ ухаалаг системд шилжсэний дараа цахим карт борлуулах цэгийг шинээр байгуулсангүй. Харин оронд нь дэлгүүр, үйлчилгээний газрыг түшиглэн цэг бий болгосон. Ингээд хувь хүмүүст цахим карт борлуулах эрх очсоноор тэд мөнгө хураагч нарыг авч цалинжуулахгүй нь тодорхой. Ингээд ухаалаг картанд “жийгдсэн” мөнгө хураагч нар юу хийж явдаг юм бол доо, хөөрхий.

 

Ц.Заяа