2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ЕБС, цэцэрлэг, “Үдийн цай" хөтөлбөр, сургуулийн оюутны дотуур байрны эрүүл ахуйн нөхцөл, барилгын засвар үйлчилгээний явц, засварын ажлын чанар, багшлах боловсон хүчин, ном сурах бичгийн хангамжийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг наймдугаар сарын 20-28-ны өдрүүдэд Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын боловсрол, эрүүл ахуй, хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид хийж гүйцэтгэсэн байна.

Уг шалгалтад ЕБС-ийн 40, сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага 39, цэцэрлэгүүдийг хүнсээр хангах үйлдвэрийн газар дөрөв, оюутны дотуур байр найм, үдийн цай бэлтгэн нийлүүлэхээр сонгон шалгаруулалтад шалгарсан 28 аж ахуйн нэгж хамрагджээ.

БСШУ-ны сайдын багцаас 745.6 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2 тэрбум төгрөг батлагдаж, 32 байгууллагын их засварын ажилд хуваарилсан. Үүнд 23 цэцэрлэг, 9 сургуулийн их засварын ажил багтсан аж. Түүнчлэн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн хичээлийн 1-р байр, Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэг, 14 дүгээр сургууль, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль, 72 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэг барилгыг цаашид ашиглах боломжгүй байгааг тогтоожээ. 

Улсын ахлах байцаагч О.Алтантуул “Нийслэлийн хэмжээнд суурь боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдэн гарч буй сурах бичгүүд тараагдаагүй, сурах бичгийн хангалт, татан авалт бүрэн хийгдээгүй байна. Мөн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуульд англи хэлний орчуулагч мэргэжлийн хүн гадаад хэлний багшаар, монгол хэлний хоёр багш бага ангийн багшаар, 51 дүгээр сургуульд номын санч-ном зүйч мэргэжлийн хүн орос хэлний багшаар, англи хэлний орчуулагч англи хэлний багшаар, биеийн тамир спортын дасгалжуулагч биеийн тамирын багшаар, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгт бага боловсролын багш хөгжмийн багшаар, Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн гурван багш,  162 дугаар цэцэрлэгийн нэг багш мэргэжлийн бус, Эрдмийн-Өргөө цогцолбор сургуульд англи хэл, орон судлаач мэргэжлийн хүн англи хэлний багшаар, англи, герман хэлний орчуулагч хүн англи хэлний багшаар тус тус ажиллаж байгаг тогтоосон” гэсэн юм.

Харин  “Үдийн цай" хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлж буй үйлдвэрлэл эрхлэгчдийг холбогдох хяналтын хуудсаар үнэлсэн дүнгээс үзэхэд үйлдвэрийн байрны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан түвшин “Айплмүүн" ХХК-д 38.2 хувь, “Бенедакт" ХХК-д 80.3 хувь, “Бамбууш” ХХК-д 30.8 хувь, “Кокодесерт" ХХК-д 66.7 хувь, “Хаан сүү" ХХК-д 64.7 хувь, “Эн Жэй Эс” ХХК-д 75.6 хувьтай байна. 

Үйлдвэрүүд нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний зориулалтын агуулахад хадгалж байгаа боловч түүхий эдийг төрөлжүүлэн хадгалж, шошгожуулаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Шалгалтын хугацаанд нийт 319 зөрчил илрүүлж, 62 хувийг шалгалтын явцад арилгуулан илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 210 заалттай 35 албан шаардлага өгч, 1 акт, 7 дүгнэлт гарган, 10 байгууллагад, 2 албан тушаалтанд нийт 1,980,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулсан гэв.

Мөн НХМГ, Нийслэлийн Боловсролын Газартай хамтран үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь цуцалсан "Чинхур", "Цахим-Эрин", "Шонхор", "АБЦ" сургуулиуд хууль бусаар үйл ажиллагаагаа явуулсаар байгаа учир эцэг эхчүүдэд дээрх сургуулиудад хүүхдээ өгөхгүй байхыг анхааруулаа.