“Exclusive-чид”-ийн асуудлыг Өршөөлөөр шийдэх үү?
2015/09/29
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан татварын хуульд өөрчлөлт оруулах чиглэл өгсөн. Үүнээс өмнө ч татварын тогтолцоог илүү нарийн болгох хууль өргөн баригдчихсан байсныг дурдах хэрэгтэй. Дээрээс нь нэмээд татварын багц хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Албаныхан ирэх оноос татварыг жинхэнэ утгаар нь хянадаг шинэ тогтолцоо бий болно гэж мэдэгдсээр байгаа.
Энэ ч үүднээс татвар төлөгч компани, хувь хүмүүс тайлан бланстай холбоотой элдэв зөрчлөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухайн хууль хэрэгжих үеэр бүрэн арилгах боломжоо ашиглах ёстой.Хэрвээ хуулийн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд он гарангуут татвараа нуун дарагдуулагчид хуулийн хариуцлага хүлээж эхэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хууль гажсан уу?
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль анхандаа улсад татвараа төлсөн хэдий ч хүү, торгууль тавиулсан, нууц тайлангаа гаргаж ирсэн, огт татварын тайлан өгч байгаагүй этгээдийг хамруулахаар яригдаж байсан. Харин эцэслэн батлагдахдаа огт тайлан өгч байгаагүй хэсэгт зориулагдан батлагдсан.
Уг нь хууль хэлэлцэх хугацаанд эхний хоёр заалтыг зайлшгүй оруулах шаардлагыг МАН-ын бүлгээс тавьж байсан ч яг батлах цагаар тэд чуулгандаа суугаагүй гэх. Өнгөц харахад байнгын хороо, чуулган дамжин удаа дараа буцаагдаж байсан уг хууль эцсийн шатандаа эсэргүүцэгчгүй орчинд батлагдсан болж таарах нь.
“Exclusive-чид” олширвол яах бэ?
Өнгөрсөн жилийн статистикаас харахад 600 тэрбум төгрөгийн торгууль, татварын акт компаниуд дээр бичигджээ. Энэ нь нийтдээ 1 мянга гаруй байгууллагын татварын асуудлыг хамарч байна. Тэдний зөвхөн нь нэг нь буюу Exclusive компани саяхан асуудлаа нийгмийг донсолгон байж, эерэгээр шийдүүлж чадлаа.
Цаашид энэ мэтээр зайлшгүй “барьцах” асуудал үүснэ гэдгийг тооцоолж, сугарч үлдсэн заалтуудыг Өршөөлд суулгахаар яригдаж байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Тэр нь их товчхон, татварын ерөнхий хуулийн 73, 74 зүйлүүдийг өршөөл багтаах ганцхан өгүүлбэрээр шийдэгдэхээр яригдаж байгаа аж..
Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд тусгагдах ёстой нэгж заалтууд Өршөөлийн хуульд үсэрч орсноор Exclusive –тэй ижил зөрчилтэй компаниуд өршөөгдөх боломж үүснэ гэсэн үг.
"Exclusive-чид" цаашид олшироод ирвэл нийгэмд сөрөг үр дагавар дагуулна. Ерөнхий сайд эхний компанийх нь асуудлыг шийдээд өглөө, болдог юм байна гэх уурь амьсгал үүссэнийг нуух юм алга. Тэгэхээр энэ асуудлыг хүссэн хүсээгүй засах, эргэж харах шаардлага үүссэнийг энд тэмдэглүүштэй.
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn
Зочин · 2015/09/29
End n hamragdy baiz. Nid nar shig jijg biznes erhldg humuust nuluuluusei bilee