Хятадын Эрээн хот болон ОХУ-ын Хиагт хотын хооронд Монгол Улсын нутгаар дайруулан олон улсын автомашины тээврийн зурвас байгуулах саналыг Буриадын эрх баригчид ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яаманд тавьжээ.

Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Буриад улсын бүрэн эрхт төлөөлөгч мэдээлсэн байна. Тодруулбал ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Александр Цыбульски Эрхүү муж, Өвөр Байгалийн хязгаар болон Буриадын төлөөлөгчидтэй уулзах үеэр дээрх саналыг тавьжээ. Уг төслийг хэрэгжүүлснээр Буриад улсад тээвэр -ложистикийн цогцолбор байгуулагдах үндэс тавигдах юм байна. Мөн Орос, Хятад хоорондын ачаа тээврийн тарифыг тогтворжуулах, цаг хугацаа хэмнэх, Хятад, Япон, Солонгос болон Ази, Номхон далайн бүс нутгийн бусад оронтой зөвхөн Сибирийн холбооны тойргийн төдийгүй Оросын төвийн бүс нутгийн субъекттэй тээврийн харилцаагаа оновчтой болгох боломжтой гэдгийг уулзалтад оролцогчид онцолжээ.

Н.Ганаа