Хямрал, хямрал бас дахин хямрал гэцгээдэг эрхмүүд сүүлийн үед Улсын Ерөнхийлөгч, салбарын сайдтайгаа бүгдээрээ нийлээд гамшиг, гамшиг бас дахин газар хөдлөлт гэж ярих боллоо. Ямар түгшүүртэй, айдастай юм бэ.

Юуны учир ингэх болов гэхээр энэ сарын эхээр Нийслэлийн ойролцоо хоёр ч удаа газар хөдөлсөн бөгөөд Гачууртын хойд талын Гүнжийн хоолой хэмээх газарт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход Улаанбаатарт 4,2-4,4 магнитудын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Энэ үеэр Чингэлтэй, Дарь эх, Бэлх орчимд илүү хүчтэй мэдрэгдэж, айлуудын шил толь зэрэг тавилга хөдөлж иргэдийг айдаст автуулсан аж. Дахиад ч үүнээс хүчтэй буюу 6,6 баллын газар хөдлөлт болох магадлал өндөр байгаа аж. Тэгээд ч Нийслэлд 9 баллын хүчтэй газар хөдлөлт болоход Улаанбаатар хотын барилгын 95 хувь нурна, харин 8 баллын хүчтэй чичиргээнд нийт барилгын 75 гариу хувь нь нурах аюултай тухай судалгааг 2012 онд Одон орон, геофизикийн хүрээлэнгээс гаргаж байжээ. Тодруулбал нийслэлд байгаа 1950,1960- аад оны барилгууд бат бөх чанартай ч газар хөдлөлтийн чичирхийллийг огт тооцоолоогүй баригдсан байна. Сүүлийн үеийн барилгууд ч мөн адил аж. Үүнээс гадна өндөр уулын ойр орчимд газар хөдлөлтийн чичирхийлэл хамгийн хүчтэй мэдрэгддэг учир Богд- Уулын ойролцоох барилгууд ч аюулд ойрхон байгаа юм байна.

Мөн түүнчлэн Төрийн ордон, Дулааны гурав, дөрөвдvгээр цахилгаан станцын барилга байгууламжууд, Цахилгаан холбооны барилга, хvн ам олноор цуглардаг vзвэр vйлчилгээний газар буюу Дуурь бvжгийн болон Драмын эрдмийн театр, цирк, Улсын клиникийн эмнэлэг, хуучны сургууль, цэцэрлэг, Байгалийн түүхийн музей зэрэг барилгууд газар хөдлөлтөд хамгийн тэсвэргүй байгууламжуудын тэргүүн эгнээнд яваа ажээ.

Түүх сөхвөл. Манай улсад хамгийн анх 13-р зууны үед газар хөдлөлт мэдрэгдэж байсан бөгөөд түүхийн сурвалж бичигт тухайн үеийн байдлыг тэмдэглэхдээ “Уулнаа улайдсан хайлмал чулуу оргилон гарч, гал халуун шингэн чулуу бялхан урсаад асар их гал түймэр , утаа униар бүрхэж байсан” гэжээ. Мөн 1903 онд газар хөдлөн Зүүн сайхан уулын урд өвөр хэдэн арван км газар хагарсан бол 1957 оны газар хөдлөлтөөр Говь-Алтайгаас Өвөрхангай хүртэлх их газар хагарсан аж. Харин 1950 онд Хөвсгөл аймгийн Хатгалд маш хүчтэй газар хөдлөлт мэдрэгдэж, хаалга аяндаа нээгдэн, авдар, ширээ, хөдлөн хүчтэй цохилт болж унтаж байсан хүмүүс орноосоо унаж, байр байшин хөдлөх зэрэг үзэгдэл болсон байна. Мөн 1967 онд Улаанбаатар хотоос 400 км-ийн зайтай Булган аймгийн Могод суманд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь нийслэлд 6-7 баллаар мэдрэгдсэн байна. Энэхүү газар хөдлөлтийн улмаас Могод суманд 42 км-ийн урт хагарал үүссэн аж. Тодруулбал 20-р зуун гарсаар манай улсад 8 магнитудаас дээш хүчтэй 4 газар хөдлөлт, 7-гоос дээш магнитудын хүчтэй 6 газар хөдлөлт бүртгэгджээ.

Эндээс үзэхэд өнгөрсөн хугацаанд хүчтэй газар хөдлөлт болсон ч ихэнх нь нурах барилга, байшингүй хөдөө орон нутагт болсон учир уул нурууд хагарах, газар чичирхийлэх, ангал үүсэх зэрэг үзэгдэл болоод өнгөрсөн харагдаж байгаа юм. Тэгвэл энэ хэмжээний газар хөдлөлт нийслэлд мэдрэгдвэл яах вэ. Барилгын ихэнх нь нурах юултай гээд байдаг.

Газар хөдлөлтийн учир шалтгааныг судлаачид тайлбарлахдаа дэлхийн хавтангууд нь үргэлжийн хөдлөгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлддөг бөгөөд нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян харимхай долгионыг үүсгэсэнээр манай дэлхий долгисон хөдлөгөөнд ордог бөгөөд мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр газар хөдлөлтийг үүсгэдэг гэжээ.

Өөрөөр хэлбэл хэний ч хамааралгүй үүсдэг байгалийн гамшигт үзэгдэлийн нэг. Тэгэхээр үүнээс иргэд өөрсдийгөө хэрхэн яаж хамгаалах вэ. Төр иргэдээ хэрхэн хамгаалах вэ. Зөвхөн нурах аюултай, газар хөдлөх эрсдэлтэй зэрэг айдаст автуулах үгийг хэлээд л байх уу. Газар хөдлөлтийн үед хүн өөрийгөө хэрхэн яаж хамгаалах тухай ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн алинд ч заадаггүй, олоод уншаад, мэдчих зөвлөмж хүртэл ховор. Бүр сургуульд сураагүй хүмүүс хаанаас хэнээс мэдэх вэ. Энэ тал дээр анхаарсан нь, айдаст мэдээлэл түгээхээс илүү үр дүнтэй биш үү.

Н.Ганчимэг