“Хүрээ”, “Олонлог”, олон улсын “И-Эс- Эм” буюу хуучнаар “Эрэл” дунд сургуулийн сурагчид үдийн цайдаа хорджээ. Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус сургуулиудын гал тогоог зөрчлөө арилгах хүртэл нь түр хугацаагаар хаасан аж.

Энэ талаар нийслэлийн МХГ-ын Эрүүл ахуй халдвар судлалын улсын ахлах байцаагч С.Отгонжаргал “Сургуулиудын цайны газарт хийсэн шалгалтын үеэр хоол хүнснээс шалтгаалсан зөрчлүүд зонхилж байсан. Энэ нь хоол хүнс хадгалалтын горимыг ихээхэн зөрчиж байгаатай холбоотой” гэсэн. Шалгалтад гурван сургуулийн нийт 610 сурагч, есөн багш, долоон ажилтан хамрагдсаны 334 сурагч, гурван багш, хоёр ажилтанд эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Ийнхүү хувийн сургуулиуд дундаас төлбөр өндөртэйд тооцогддог, “Дэлхийн жишигт нийцсэн боловсрол олгоно” хэмээн өөрийгөө сурталчилдаг дээрх хувийн сургуулиудын үдийн цайнаас сурагчид хордож байхад өдөрт дунджаар 1500 гаруй хүүхэд хооллодог төрийн өмчийн сургуулийн хүнсний эрүүл ахуй, хатгалалтын горим зэрэг нь айдас төрүүлж буй юм. Он гарсаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн улмаас гурван удаагийн хордлого гарсан нь үүнийг улам бататгаж байгаа юм.

 

Үдийн цайг үдийн хоол гэж ойлгодог сэтгэлгээ

 

Ерөнхий боловсролын сур гуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойш хоолны хордлого, элдэв халдварт өвчин тасарсангүй. Тэр ч бүү хэл орон нутгийн зарим сургууль энэ шалтгаанаар түр хугацаанд хаалгаа түгжиж байсан тохиолдол ч бий. Гэвч өнгөрсөн түүхийг эргэн санахад энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн өдийг хүртэл төр, хувийн хэвшлийн гэж ялгалгүй сургууль бүхэн “Үдийн хоол” хэмээн андуурч ирсэн байх юм. Тэгээд ч бага ангийн сурагчдад үдийн цай өгөх тухай заалт байгаагаас биш өдөрт нэг удаа хоол өгнө гэсэн хуулийн заалт манай улсад байхгүй. Гэтэл сургуулийн удирдлагууд “Үдийн цай” хөтөлбөр гэдгийг өдөрт нэг удаа хоол өгөх ёстой хэмээн ойлгодог бололтой. Гэвч хоол бэлтгэх үйл явц гэдэг өөрөө ямар эрсдэл дагуулдгийг өнгөрсөн хугацааны богино түүх хангалттай харуулж буй юм. Бодит байдал дээр манай улсын аль ч сургууль 1500 хүүхдийг чанарын шаардлагад нийцсэн хэмжээнд хооллох боломжгүй гэнэ. Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Бид нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 60 сургуульд түүвэр шалгалт хийсэн. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна. Гэхдээ энэ бүхнээс ажиглахад сургуулиудын цайны газар 1500 хүүхдэд стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэдэг нь ойлгомжой байгаа. Харин дээрх гурван сургуулийн тухайд хоол үйлдвэрлэлийн орчин стандартын шаардлага хангаагүй, технологийн зөрчил, түүхий эдийн баталгаажаагүй байдалтай холбоотой байсан” гэв.

 

Эрүүл ахуйн дүгнэлтийг хуурамчаар гаргаж байжээ

 

“Олонлог” сургуулийн цайны газрын хоол үйлдвэрлэлийн технологи, урсгал ажиллагаа эрүүл ахуйн шаардлага хангахгүйн дээр цайны газрын хоёр ажилтан нь эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй байсан аж. Тодруулбал, нян судлалын лабораторигүй эмнэлгээр нян тээгчийн шинжилгээг хуурамчаар гаргуулсан зөрчил илэрсэн байна. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ, Сонгинохайрхан эрүүл мэндийн төв, Эс-Эс-Эл-Жи, Батном, Микроб, Гялс лабораториудад шалгалт хийж, хуурамч шинжилгээ бүрдүүлэн, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсныг илрүүлжээ. Энэ бүхний цаана Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, эмч мэргэжилтнүүдийн ёс зүйн зарчим давхар хөндөгдөх нь гарцаагүй.

 

Үдийн цайнд 600 төгрөг хүрэлцэхгүй

 

Мөн л Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн сард “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад шалгалт хийсэн билээ. Тус шалгалтын дүгнэлтээр нэг хүүхдийн үдийн цайны өртөг 600 төгрөг байгааг нэмэх шаардлагатай нь тодорхой болсон. Маш товчхондоо нэг хүүхдэд төсөвлөсөн 600 төгрөг үдийн цайнаас авах уураг, илчлэгийн хэмжээг хангахад хүрэлцэхгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргасан юм. Гэсэн хэдий ч эдийн засгийн таагүй байдлын нөлөөгөөр хүүхдийн хоолонд одоог хүртэл мөнгө нэмж өгч чадаагүй. Эрүүл мэндийн сайдын 207 тоот тушаалаар сургуулийн цайны газар, ойр орчимд төрөл бүрийн чихэр, жигнэмэг, хатаасан жимс, хийжүүлсэн ундаа, царцмаг, мөхөөлдөс болон өндөг, майонез агуулсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон байдаг юм. Гэтэл бодит байдал дээр борлуулахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг түгээмэл худалдаалдаг байдал хэвээрээ байгаа юм.