Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордов.

Хөрш орондоо урилгаар айлчилж байгаа учраас олон чухал асуудлыг хэлэлцэхээр мордсон нь гэдэг нь ойлгомжтой. Ерөнхийлөгч энэ удаагийн айлчлалаар ямар асуудал хэлэлцэж, тохиролцохоор явсан талаар товчхон мэдээлэл хүргье.

Айлчлалаар өнгөрсөн онд Си Зиньпин даргын Монголд хийсэн айлчлалын үр дүнг ажил хэрэг болгох талаар санал солилцох юм. Энэ хүрээнд улс төр, соёл, эдийн засаг болон бусад салбарт хамтран ажиллах олон чухал баримт бичигт гарын үсэг зурна. Уг айлчлалыг улс төр судлаачид хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргана хэмээн үзэж байгаа ажээ.

Ерөнхийлөгч Хятадын эртний нийслэл, торгоны замын эхлэл байсан Шин Ань хотод айлчлах гэнэ.

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Экспорт, импорт банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөөд байгаа. Түүгээр Эгийн гол цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, “Торгоны замын сан”-гаас Монгол Улсын хөгжилд хөрөнгө оруулах, “Bank of China”-гийн салбарыг ойрын үед нээх асуудлаар уулзалт болох болно хэмээн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин мэдээлсэн. “Bank of China” банк Монголд салбараа нээвэл Монгол Улсын бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд болон Хятад Монголын томоохон төслүүдэд хувь нэмэр оруулах гэнэ.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхах аж.

Т.Буянаа