“Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон юм. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ.

Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд хүртээж байхаар тогтоосон байна.

 

 

Үүнээс хойш тус одонгоор нийт найман хүнийг шагнасан юм. Харин уг тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр” ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгажээ. Энэ жилийн хувьд зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёод хүртээхээр болжээ.

“Чингис хаан” одонг хүртэж байсан төр нийгмийн зүтгэлтнүүд:

П.Очирбат: 2005 онд

Анх 2005 онд уг шагналыг хоёр дахь Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хүртэж буй онцгой тохиол таарч байв. Зарлигт дурдахдаа "П.Очирбат таны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүлэнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өртгөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж..." хэмээн өгүүлжээ. Анхны Ерөнхийлөгч ийнхүү "Чингис хаан" одон хүртсэн анхны хүн болов.

Б.Шарав:2006 онд

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасvрэнгийн Шаравыг “Чингис хаан” одонгоор шагналаа. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бүтээснийг ийнхүү өндрөөр vнэлж “Чингис хаан” одон хүртээжээ.

Д.Бямбасүрэн 2009 онд

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг "Чингис хаан" одонгоор шагнасан. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавъяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байв. Д.Бямбасүрэн бол Ардчилсан хувьсгал монгол улсад өрнөж байх үед улстөрийн арвин туршлага, мэргэн шийдвэрээрээ Монголын төрд үнэлж баршгүй түшиг тулгуур болсон манай улсын шилдэг улстөрчдийн нэг тул ийнхүү шагнуулав. Түүний түүхэн гавъяаг хүндэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гараар бичсэн хүндэтгэлийн үгээ хадгалуулсан ба үүндээ. “..Бямбасүрэн гуай улс орноо улс төр, эдийн засаг, санхүү нийгмийн цоо шинэ тогтолцоонд шилжүүлж, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг жинхэнэ утгаар нь сэргээн бэхжүүлэх, Монгол улсын хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд оруулахад түүхэн гавъяа байгуулж, онцгой хувь нэмэртэй ажилласан” гэж онцолсон байв.

Р.Гончигдорж 2010 онд

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Раднаасүмбэрэлийн Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингэс хааны одон хүртээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Чингис хааны одон хүртсэн Р.Гончигдоржид хандан, “Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэрбээр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавъяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хааны одонгоор шагнаж байна” гэв.

Н.Багабанди 2011 онд

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабандийг “Чингис хааны одон”-оор шагнасан. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэсэн байна. Энэ жилийн шагналын эзэн нь өөрөө шагналыг санаачлагч гэдгээрээ онцлог байлаа. Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Энэ жил бол Монголын төрийн түүхэнд онцгой билэг дэмбэрэлтэй жил юм. Түүхт их ойнууд давхацсан энэ сайхан өдөр Монгол Улсын Төрийн тэргүүн зарлиг гаргаж миний бие Эзэн Богд Чингисийн нэрээр нэрлэгдсэн энэхүү өндөр дээд шагналыг хүртэж буйдаа туйлын баяртай байна. Ерөнхийлөгч Танд, төр түмнийхээ төлөө зүтгэл, түмэн олныхоо итгэл хайрыг дааж, сайн сайхан үйлс бүтээж, сайн ажилласан Төрийн тэргүүн байгаарай гэж ерөөе” гэсэн юм.

Д.Дэмбэрэл 2012 онд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээж байв. Ерөнхийлөгч одон гардуулж баяр хүргэхдээ “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааныг одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна. Таван удаагийн УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын даргын албыг хашиж байсан түүний амьдрал яахын аргагүй парламентийн түүхэнд чухал байр суурьтай гэж үзжээ.

Д.Содном 2013 онд

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содномыг Чингисийн одонгоор шагнасан юм. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан түүний талаар “Д.Содном нь төрийн тулхтай, Монгол Улсын хаа тусгаар тогтнол, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэснээс гадна гуравдагч хөрш, хөрш орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолсон юм.

Х.Намсрай 2014

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрай уг одонг гардуулсан юм.

Хавтгайн Намсрай бол дэлхийн шинжлэх ухаанд данстай манай улсын цөөхөн эрдэмтдийн нэг. Тэрбээр олон арван Нобелийн шагналтан, олон зуун шилдэг эрдэмтдийг нэгтгэсэн дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн эрдэмтэн юм. Харин тэднээс хамгийн бахархалтай нь дэлхийн шилдэг эрдэмтдийн нээлт, бүтээлийг үнэлэх шинжээчдийн хүндэт эгнээнд Монгол Улсаас зөвхөн академич Хавтгайн Намсрай гуай багтдаг аж. Дэлхийн шинжлэх ухааны шинэ нээлтэд Улаанбаатар хотдоо суугаад дүн тавих, үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй эрдэмтэн байна гэдэг бол яах аргагүй Монгол Улсын бахархал юм. Эгэл бөөмсийн урсгал ямар бүтэцтэй болохыг олж тогтооход дэлхийн судлаачдаас хамгийн их ойрхон очсон эрдэмтэн юм.

 

 

Г.Мэнд-Ооёо 2015

 

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмээр зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёод хүртээхээр болжээ. Г.Мэнд-Ооёо нь Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 1952 онд мэндэлсэн. Тэрээр Улсын Багшийн Дээд Сургуулийг 1978 онд төгсөж, СУИС-д 1996 онд магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Дэлхийн Урлаг Соёлын Академиас (АНУ) Утга зохиолын доктор цолыг 2002 онд хүртсэн байна.

Г.Мэнд-Ооёо 1970 оноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, дунд сургуульд багш, Монголын радиогийн сурвалжлагч, уран зохиолын редактор, Монгол телевизийн ерөнхий редактор, Монголын Соёлын Сангийн гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгч болон ерөнхийлөгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Соёл, урлагийн газрын дарга зэрэг албыг хашиж байсан. Одоо Монголын Соёл, яруу найргийн Академийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, Дэлхийн Урлаг соёлын Академийн байнгын гишүүн, Дэлхийн Яруу найрагчдын их хурлын дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж байна.

2009 онд Унгарын Будапешт хотноо явагдсан дэлхийн яруу найргийн наадамд оролцож хамгийн дээд шагнал болох ПОЭТ ЛАУРЕАТЕ /Poet Laureate/ цол хүртэж, Алтан титмийн эзэн болж байсан. Мөн 2014 онд болсон Дэлхийн Яруу найргийн их наадмаас Тэргүүн шагналыг хүртсэн байжээ.

 

Т.Буянаа