Бас юун хориг вэ гэж зарим нь шууд бодож болох юм. Мэдээж бүх бүсгүйчүүдийг л жирэмсэн болохыг хориглоно гэж юу байх билээ. Мэдээж хүний эрх. Харин зарим тохиолдолд энэ мэт эрхийг нь хасмаар байгаа юм. Тухайлбал, гэмт хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа үед нь эмэгтэйчүүдийг жирэмсэн болохыг хориглодог дүрэм, журамтай баймаар байгаа юм. Тэгэхгүй бол эцэстээ хүүхэд хохироод үлдэх тохиолдол маш их байна. Ер нь нэг ийм жишиг байдаг гэнэ ээ. Эмэгтэйчүүд гэмт хэрэгт холбогдоод, ял авах нь тодорхой болчихвол гялс жирэмсэн болдог. Хүүхдээ хоёр нас хүртэл нь хорихоос өөр газар асрах эрхтэй байдагтай хболбоотой юм шиг байгаа юм. Үнэн, худлыг яг нарийн мэдэхгүй юм. Гэхдээ л ийм тохиолдол маш их байдаг болохоор хэрэгт шалгагдаж байхдаа санаатайгаар жирэмсэн болдог гэж дүгнэх гээд байгаа хэрэг.

Тэр ч битгий хэл өмгөөлөгч нь тэгж зөвлөдөг тохиолдол бий гэсэн дэл сул яриа явж байх юм. Үнэн ч байж болох. Үгүй ч байж болох. Гэхдээ үнэн ч бай, худлаа ч бай хамаагүй, ердөө л гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа жирэмсэн болохыг хориглодог, хүчээр хамгаалах хэрэгсэл тавиулдаг ч юм уу, ямар нэг арга хэмжээ авдаг баймаар.
Гэмт хэрэг холбогдсон хүмүүс тодорхой хэмжээнд эрхээ хасуулж байгаа шүү дээ. Тэр дунд нь жирэмсэн болохыг хориглоход юу нь болохгүй байв гэж. Тэгэхгүй бол хүүхэд хохироод байна. Яахав хөнгөн гэмт хэрэг үйлдээд, хоёр гурван жилийн ял аваад, гарч ирж байгаа тохиолдолд гайгүй шүү дээ гэж дүгнэх нэгэн байж ч болох.

Гэхдээ л тэр хүүхэд ээжээсээ хол байна, аягүй бол хорих газар хүмүүжинэ.
Яаж ч бодсон зөвтгөж болмооргүй байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Г.Маралмаа гэдэг эмэгтэйтэй холбоотой хэрэг байна. Дөрөвхөн настай дагавар охиноо төрсөн эцэгтэй нийлж зодож, яргалж, тамлаж амь насыг нь хөнөөсөн. Юу ч мэдэхгүй бяцхан охиныг яаж яргалж, тамалж байсныг уншиж, сонсохоос яс хавталзмаар. Гэтэл энэ эмэгтэй дагавар охиныхоо амийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж эхлэхтэйгээ зэрэгцээд л жирэмсэн болчихсон. Дээр дурьдаад, таамаглаад байгаа жишгийг барьж, санаатайгаар жирэмсэн болсон ч байж болох. Түүнийг онц ноцтой хэрэг хийсэн учраас хоёр жил гэртээ хүүхдээ асрах эрх “бэлэглэнэ” гэж юу байх вэ дээ.

Ингээд л хорих газар хүүхдээ төрүүллээ. Шинэ төрж байгаа нялх амьтанд ямар буруу байх билээ. Дулаан гэрт,
халуун ам бүлдээ, аав, ээжийнхээ хайранд өлгийдүүлж өсч, хөлд, хэлд орох ёстой бяцхан үр шоронгийн хүйтэн ханан дунд хоёр нас хүртлээ “ялтан” болох нь. Дараа нь 20 гаруй нас хүртлээ эцэг, эхийнхээ барааг харахгүй. Мэдээ ороод л ээж, аав нь шоронд байгаа гэдгийг мэднэ. Асрамжийн газар яаж ч зовж, зүдрэх юм билээ. Нялх охиноо тамалж алсан “яргачин” аав, ээжийн хүүхэд гээд зовоож, дээрэлхвэл яана. Энэ мэтээр бодоход л яс хавталзмаар зүйл их байна. Тийм болохоор хэрэгт холбогдоод, шалгуулж байх хугацаандаа эмэгтэйчүүдийг жирэмсэн болохыг нь хориглодог дүрэм, журамтай болчихмоор юм. Тэгэхгүй бол яг Г.Маралмаагийн жишгээр л нэг бяцхан хүүхдийн бүхий л амьдралаар тоглож, там болгож хувиргасаар байх нь.

Н.Пунцагболд

Эх сурвалж:www.mminfo.mn