Ч.ҮЛ-ОЛДОХ

УИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожавтай ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Их хурлын түвшинд ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй гэдэг асуудалд би болно гэж үздэг хүний нэг. Гэхдээ сая УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл бүхэлдээ зөрчилтэй юм. Жишээ нь, Үндсэн хууль гэдэг нэрийг Эх хууль гэж өөрчлөх тухай нэг заалт байна. Монгол Улсын өнөөгийн байдал хүнд, эдийн засаг хямарч, ард түмний аж амьдрал олигтой дээшлэхгүй, болж, бүтэж байгаа юм бага байхад ийм өөрчлөлт хийх нь утгагүй.

Тэгээд ч Үндсэн хуулийн нэрнээс болж ийм байдалд орчихоогүй. Хоёрдугаарт, Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байна гэсэн төсөл байна. Түүндээ есөн яамтай байна гээд Ерөнхий сайд үзэмжээрээ гурав сайд нэмж ажиллуулж болно гэж заажээ.

Дээд тал нь 12 яамтай байвал Их хурлын дөрвөн гишүүн, есөн яамтай бол гурван гишүүн хавсарч болно гэсэн үг юм байна л даа. Үүнийг Үндсэн хуульд заавал нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр шийдэж болно. УИХ 1992-1996 онд УИХ-ын хууль, Засгийн газрын хуулиар зохицуулагдаж байсан. Тэгэхээр заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус органик хуулиудаар зохицуулж болно.

-Яамны тоог ес гэж Үндсэн хуулиар шууд зааж өгөх гээд байна. Энэ тохиолдолд гарах эерэг болон сөрөг үр дагавар нь юу вэ?

- Үндсэн хуульд ингэж шууд заах нь утгагүй. Яагаад гэвэл, тухайн Засгийн газрын өмнө янз бүрийн зорилт тулгарна. Дөрөв, дөрвөн жилээр явж байгаа Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа ямар асуудал шийдэх шаардлагатай байна, түүндээ тааруулж бүтцээ бий болгодог.

Уул уурхайн асуудал хурцаар тавигдаж байгаа бол түүнийг шийдэхийн тулд Уул уурхайн яам, газар нутгийн асуудал чухлаар тавигдаж байгаа тохиолдолд байгаль орчны чиглэлийн яамыг байгуулдаг.

Тэгэхээр заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус органик хуулиудаар зохицуулж болно.

Монголын түүхэнд ингэж явж ирсэн. Жишээ нь, өнөөдөр Халх голын 500 мянган га газрыг гадныханд эзэмшүүлнэ, эзэмшүүлэхгүй гэдэг асуудал ид яригдаж буй нөхцөлд зөвхөн тэр асуудлыг эрхэлсэн сайд томилсон ч болохгүй юм үгүй. Хэрэв Үндсэн хуульд яамны тоог ес гээд оруулчихвал дараагийн удаад хуульдаа гар хүрч байж шийдэхээс өөр аргагүйд хүрнэ. Тэгэхээр янз бүрийн хувилбаруудтай ажиллах боломжийг Засгийн газарт өгөхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөх биш, УИХ, Засгийн газрын хуульд зохицуулалт хийж болно.

-УИХ –ын гишүүдийн тоог 99 болгох нь зөв үү?

-Өнөөдөр УИХ 76 гишүүнээ хуралд нь олигтой оролцуулж хүч бололцоог нь ашиглаж чадахгүй байгаа. Дээр нь 23 гишүүн нэмж, 99 болгоно гэдэг эдийн засгийн хямралтай үед 23 өрөө, туслах гаргах төсөв зардлаасаа авахуулаад хүнд. 2-3 яамыг татан буулгах, агентлагаа цөөлж, дэд сайдын орон тоог хасахын төлөө бөөн юм болж байгаа шүү дээ. Үүний оронд манай улсад хоёр ч удаа хэрэглэж үзсэн төрийн байгуулалтын хэлбэр рүү шилжвэл зохистой.

Тухайлбал, дээд, доод хуралтай байя. Дээд хурал нь жилдээ 1-2 удаа хуралддаг, төрийн гол боловсон хүчнүүдийг томилж, төсвөө хэлэлцэж баталдаг, Улсын Бага хурлаас гаргасан хууль тогтоомжууд олон улсын байдал, өөрийн улсын хууль тогтоомжуудад нийцэхгүй бол тэрийг өөрчилдөг, ийм байх нь зүйтэй. УИХ нь хяналтгүй болчихсон учраас Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нийцсэн хууль тогтоомжууд гарахгүй байна. Зарим талаар энэ эрх ашигт нийцэхгүй хуулиуд, тийм заалтууд олон байна.

Түүнд хяналт тавих, нөгөө талаас удирдах боловсон хүчинтэй хариуцлага тооцох механизм муу байна. Энэ нөхцөлд дээд, доод хурал хэрэгтэй. Хуучин АИХ, Улсын Бага хурал 1990-1992 онд ажиллаж үзсэн. Тэгэхэд Улсын Бага хурал, АИХ-аас эмээдэг, зарим зүйлд хяналттай ханддаг байсан. Одоо тийм удирдлага, жолоодлого байхгүй болсон.

Их хурлын гишүүдийн тоог 99 болгож байгаа заалт нь тэрийг санаачилсан хүмүүсийн дунд хэрүүлийн алим болгож, олон нийтийн анхаарлыг татах гэсэн байдлаар хийсэн гэж би харж байгаа. Түүнээс биш 76-гаа 99 болгочихно, бүгд зөвшөөрчихнө гэж бодоогүй байлгүй дээ. Зарим юман дээр тийм өгөөш хаядаг, тэрэн дээр нь хамаг анхаарал нь төв­лө­рөөд бусад асуудал руу анхаардаггүй явдал бий.

-Анхаарал хандуулахгүй бол болохгүй гэж үзэж буй өөр ямар заалтууд байна?

-Үндсэн хуульд засаг захиргаа орон нутаг, нутаг дэвсгэрийн тухай бүлэг бий. Өмнө нь Үндсэн хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэсэн бүлэг байсан. Тэр бүлгээс нутаг дэвсгэрийн гэдэг үгийг хасах гэж байгаа юм байна. Энэ үгийг хасна гэдэг бол орон нутгийг мухарлаж байна гэсэн үг.

Ингэснээр орон нутгийн ИТХ өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн асуудлыг цогцолбороор шийдэх боломжгүй болгож байна. Тийм учраас энэ асуудлыг хэлэлцүүлэхэд ард түмэн нэг үг, үсэг хасчээ гээд ан­хаа­рахгүй өнгөрч болзош­гүй. Гэтэл үүний цаана орон нутгийн эрх мэдлийг хааж боосон зарчмын заалт орчихсон байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хариуцлагыг орхигдуулж, эрх мэдлийг нэг талд төвлөрүүлэх гэж байна гэсэн шүүмжлэл судлаач, хуульчдын амнаас гарч байгаа. Энэ талаар?

-Ер нь бүхэлд нь базаад хэлэх юм бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бүхэлдээ эрх мэдлийг хаана төвлөрүүлэх вэ гэдгийн төлөө хийгджээ. Тэр дотроо Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасч, Төрийн тэргүүнийг бараг хэн ч биш болгосон заалт оруулсан байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийг сонгохдоо УИХ-ын гишүүд дээр аймаг, хотын ИТХ-ын дарга нарыг оролцуулан өргөт­гөсөн хурлаас сонгоно гэж байна.

Ард түмнээс сонгогддог байсан Ерөн­хийлөгчийг ийм байдлаар сонгодог болгож болохгүй. Багийн даргыг ч бараг тэгж сонгохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, хэтэрхий ёс зүйгүй, жудаггүй, төрийн уламжлалт бодлогоо баримтлаагүй заалтууд оруулсан байна. Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гээд томоохон эрх мэдэлтэй.Тэр эрх мэдэл нь байхгүй болох юм байна. Гол албан тушаалтнуудыг томилдог эрх нь ч байхгүй болж байгаа.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасч, Төрийн тэргүүнийг бараг хэн ч биш болгосон заалт оруулсан байна.

Тийм учраас энэ өөрчлөлт нь УИХ-д хэтэрхий их эрх мэдлийг төвлөрүүлсэн, 1992 оны Үндсэн хуулийн суурь зарчмуудыг бүгдийг зөрчсөн төсөл санагдлаа. 1992 оны Үндсэн хуулиар УИХ, Засгийн газар, Улсын Дээд шүүх, Ерөнхийлөгч гэсэн дөрвөн субьектийн харилцан бие биедээ хяналт тавих уялдааг гайгүй хангасан. Одоо бол тэрнийг нь үгүй хийж, засаглалын онолын хувьд балансыг алдагдуулсан заалтууд оруулах гэж байна. Дээр нь Үндсэн хуулийн дэвшлийг хялбарчилсан байдлаар бодоцгоосон юм уу.

-Тухайлбал?

-Ирэх 11 сарын 26-ны өдөр Бүх ард түмний санал асуулга явуулна, энэ бол их билгэ дэмбэрэлтэй сайн өдөр гэж ард түмний тархийг угааж байна. Тэр билгэ дэмбэрэлтэй сайхан өдрийг энэ хүмүүс үгүй хийчихсэн шүү дээ. Ер нь бол Монгол Улсын тусгаар тогтнолын баярын өдөр байсан. Гэтэл бүх нийтийн амралтын өдөр ч биш, юу ч биш болгоод хаячихсан. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа их билгэ дэмбэрэлтэй өдөр, тиймээс Ард нийтийн санал асуулга явуулна гэж байх юм.

-Ард нийтийн санал асуулга явуулах гэж ярьж буй нь мөн л хууль зөрчсөн гэж байна?

-Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэг сарын өмнө зарлах ёстой гэж бий. Дээр нь хоёр асуудлыг асууж хариулт авна гэсэн заалттай. Гэтэл тэр заалтуудыг зөрчсөн. Тэрийгээ хийхийн тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд бас өөрчлөлт оруулна гэж ярьж байгаа юм билээ.

Ер нь хуульд өөрчлөлт хийхдээ хууль бус юм хийдэгтээ урамшсан, дадсан, дадлагажсан муу зуршилтай болчихож. Төр, засгийн одоогийн удирдлагад байгаа хүмүүс монгол орныг удирдаж авч явж чадахгүй. Чадамжаа ч бүрэн алдсан нь улсын төсөв, Сонгуулийн хуулийн төсөл, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслүүдийг ямар муу боловсруулав гэдгээс харагдаж байна.

- See more at: http://www.khunnu.mn/index.php?view=content&type=item&val=5211#sthash.2kVSQZF9.dpuf